Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Жил бүр улсын болон нийслэлийн төсөвт газар чөлөөлөлтийн мөнгө тавигдана

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлд хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй байх, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын болоод дотоодын хөрөнгө босгож, тулгамдсан асуудлаа шийдэх талаар тусгажээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Нийслэлд тулгамдсан олон асуудал бий. Газар чөлөөлөлтийн асуудлыг энэ хуулиар зохицуулж чадах уу? Инженерийн шугам сүлжээний асуудлыг яаж харж байгаа вэ? Дүүрэгт ямар ч эрх мэдэл алга. Бүх төвлөрөл нийслэл дээр байна.

ААН-үүдийн үүргийг хуульд тодорхой тусгах ёстой. Хуулийг сайн болгох талаас нь ярьж байгаа болохоос биш эсэргүүцээгүй. Энэ хууль удирдлагын чиг үүрэг нь голлосон хууль болоод байна" гэв. 

Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Нийслэлийн асуудлыг энэ хуулиар бүрэн зохицуулахгүй. Хуулийн зорилт нь Улаанбаатар хотын тусгай болон бусад чиг үүргийг тогтоон, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс бусад нэгж, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Дүүргийн тухай асуудлыг нэгжийн хуулиар зохицуулдаг. Хот тосгоны тухай хуульд ААН-ийн үүргийг тусгасан.

Газар чөлөөлөлтийн нэгдсэн бодлого хөтөлбөртэй байх ёстой. Газар чөлөөлөлт төсвийн асуудалтай холбоотой. Хуулийн төсөлд санал дэмжигдсэнээр жил бүр улсын болон нийслэлийн төсөвт газар чөлөөлөлтийн мөнгө тавигдана. Инженерийн шугам сүлжээний хувьд улс давуу байна. Гэхдээ хамтарч хэрэгжүүлэх чиг үүрэг бий" гэсэн хариулт өгөв. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/545018869841779