Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Британичууд “вирустэй цуг амьдарч сурах” цаг болсныг Борис Жонсон зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Их Британи улс энэ сарын сүүлээс эхлэн цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмээ цуцалж, хэвийн амьдралд шилжихээр төлөвлөж буйг тус улсын ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр зарлажээ.

Долдугаар сарын 19-нөөс эхлээд вирустэй тэмцэх ажлыг хуулиар зохицуулахаа больж, “хувь хүмүүсийн хариуцлага” болгохоор болсон байна. Эцсийн шийдвэрийг долдугаар сарын 12-нд зарлах ажээ.

Энэ өдрөөс эхлэн амны хаалт зүүх нь сайн дурын хэрэг болж, хүн хоорондын зай барихыг шаардахгүй гэнэ.

Иргэд үйлчилгээний газруудад нэвтрэхдээ бүртгүүлэхгүй, ямар нэг код уншуулахгүй, олуулаа цугларахад тоо хязгаарлахгүй болох ажээ.

Мөн засгийн газар гэрээсээ ажиллахыг зөвлөхгүй болсноор иргэд ажлын байрандаа бүрэн цугларах гэнэ. Хөл хорионы дэглэмийг цуцалснаар коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэх ч нас баралтын тоо өсөхгүй гэж тооцоолж байгаа нь хорио цээрийн дэглэмийг цуцлах гол үндэслэл болсныг Жонсон тайлбарласан юм.

Тэр бас Британичууд “вирустэй цуг амьдарч сурах цаг болсон” гэж мэдэгджээ.

Хэдийгээр долдугаар сарын 19-ний орчимд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 50,000 хүрэх төлөвтэй байгаа ч нас баралтын тоо нэмэгдэхгүй гэж тооцоолсон юм байна.

Ийнхүү тус улсын засгийн газар 16 сар орчим үргэлжилсэн хорио цээрийн дэглэмээ цуцлах эрсдэлтэй шийдвэрийг гаргахаар болжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Британид коронавирусийн халдвараар 128,000 гаруй хүн нас бараад байгаа нь Европ тивд зөвхөн ОХУ-ын дараа орох муу үзүүлэлт юм. Мөн коронавирусийн илүү хурдан халдварладаг Дельта хувилбарын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгаа.

Энэ оны хавар өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдол 2,000 орчим байсан бол одоо 25,000 орчимд хүрч өсөөд байна. Харин өдөрт бүртгэгддэг нас баралтын тоо өнгөрсөн хугацаанд 20 хүрэхгүй хэмжээнд тогтвортой байгааг вакцинжуулалтын гол үр дүн гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Associated Press