Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод хүчтэй халсны маргааш ширүүн бороо орж, үерлэжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Цельсийн +36 хэм хүрч халсан нь урьд өмнө тохиолдоогүй цаг уурын үзэгдэл байв.

Харин Даваа гарагийн үдээс хойш гэнэтийн хүчтэй бороо орсны дараа Москва хотын гудамж, талбай үерт автсан байна.

Хотын томоохон гудамжнуудын нэг Вернадскийн өргөн чөлөөнд нуур тогтож, автомашинууд зорчих аргагүй болжээ.

Ясенево метроны өртөө усанд автсан тул хаасан байна.

Уг өртөөний ойролцоох худалдааны төвийн таазнаас ус асгарч байгааг харуулсан видео бичлэг сошиал сүлжээнд таржээ.

Хүчтэй борооны улмаас Раменскийн гудамжны барилга дээр ажиллаж байсан өргөгч цамхаг нурсан байна. Одоогоор хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хохирол бүртгэгдээгүйг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Москвагийн хойд захын Правда гудамжинд хүчтэй салхи барилгын дээврийг хуу татаж, нуранги нь зогсоолд байсан автомашиныг дарсан байна.

Гэхдээ энэ үерийг зарим хүмүүс усанд сэлэх боломж гэж харж байгаа ажээ. Гудамж талбайд тогтсон усанд сэлж буй хүмүүсийн дүрс бичлэгүүд Оросын сошиал ертөнцөд өргөнөөр тархаад байна.

Эх сурвалж: Russia Today