Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: Нийслэлийн засаг захиргааны шинэ байранд дахин 140 ор дэлгэх боломжтой

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаар тайлагнав.

Тэрбээр "Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 6,369 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 41.4 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй.

Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүд Файзер вакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг захиргааны шинэ байранд яаралтай тусламжийн түр төвийг байгуулсан. Эхний ээлжид 145 орыг тоноглон дэлгэсэн бөгөөд иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Түүнчлэн дахин 140 орыг доод давхарт нь дэлгэх боломжтой" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүдтэй байгуулж буй “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн дүүрэг, хороодын Засаг дарга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад цар тахлыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах эмч, сувилагч нарын бүртгэл, судалгаа гаргаж, ажиллах хүчний нөөц, санхүүгийн тооцоог гарган ажиллахыг үүрэгдсэн юм.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг харьяа байгууллагуудад чиглэл болгов гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.