Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо

ikon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 23-ны ээлжит хуралдаанаар “Лэндмн ББСБ” ХК-д 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгож арилжаахыг зөвшөөрсөн.

Тус компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш, “Лэндмн ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Болдбаатар, ТУЗ-ийн дарга Ц.Одмаа, "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

 

Энэ үеэр Хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш “Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн хэрэгсэл буюу бонд гаргах замаар урт хугацааны санхүүжилт татах сонирхол нэмэгдсэн. Жишээлбэл, Хорооноос энэ оны хагас жилийн байдлаар гурван аж ахуйн нэгжийн өрийн хэрэгслийг бүртгэж, олон нийтэд санал болгож гаргах зөвшөөрлийг олгоод байна.

Компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, банкны зээлтэй өрсөлдөхүйц санхүүжилтийн тогтолцоог бий болгох харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журмыг зах зээлийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр боловсруулсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 11-ний ээлжит хуралдаанаараа баталсан. Энэхүү журмаар тодорхой шаардлага хангасан бонд гаргагчийн нийтэд санал болгон гаргах бондыг хялбаршуулсан горимоор богино хугацаанд бүртгэх, өрийн хэрэгслийг үе шаттайгаар гаргах, дотоодын аж ахуйн нэгжүүд “Ногоон бонд” гаргах, аж ахуй нэгжүүд цаг хугацаа, зардал хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай” гэдгийг онцолсон юм.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо