Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: 2,045 ор дэлгэж болох боловч түүнд ажиллах хүний нөөц байхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

КОВИД-19 өвчний нөхцөл байдлын үеийн эмнэлгийн ор дэлгэлтийн талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.  

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, сувилал зэргийн нийлүүлсэн нийт 27,000 эмнэлгийн ор л байдаг. Гэтэл өнөөдөр идэвхтэй эмчилгээ хийлгэж байгаа хүн нь 34 мянга болчхоод байгаа тул бүх хүнийг хэвтүүлэх боломжгүй юм.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 мянга гаруй ор дэлгэснээс Улаанбаатарт 6,400 нь үлдсэн нь орон нутагт дэлгэсэн. Эрчимт эмчилгээний орны тооны хувьд үндсэн 385 ор байдаг. Сая халдварын үед нэмэлтээр 212 ор дэлгэсэн.

 

Одоо цаашид нэмэлтээр 2,000 гаруй ор, үүний дотор 100 эрчимт эмчилгээний ор гарах бэлтгэл ханган ажиллаж байна.

Халдварын үед нэмэлтээр дэлгэх ор, дайчлан ажиллах хүний нөөцийн тооцооллыг бид хийж үзсэн. Ингэхэд 2,045 ор нэмэлтээр дэлгэхэд 6,180 ажилтан хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл дахиад нэмэлтээр 2,045 ор дэлгэж болох боловч түүнд ажиллах хүний нөөц байхгүй. Сайн дурын 300 гаруй эмнэлгийн эмч мэргэжилтэн рүү буюу хүн тус бүр рүү холбогдож асуухад 78 мэргэжилтэн ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Учир нь Улаан бүс рүү орох сонирхолгүй байна гэсэн. Үнэндээ эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал таазнаасаа давчихсан. Хүнд ба маш хүнд өвчтөнд үйлчлэх эмч, сувилагч хомсдолд орчихлоо" гэв. 

"Эмнэлгийн ачаалал буюу эмнэлэгт болон гэртээ эмчлэгдэх хүний тоо долоодугаар сарын эхэнд оргилдоо хүрч болзошгүй"

 

Мөн тэрбээр "Цаашид эмнэлэг дээр ирж байгаа ачааллаа яах талаарх тооцооллыг эрдэмтэд хийж өгсөн. Батлагдсан тохиолдол нэг хоноод эмнэлгээс гарахгүй тул хуримтлал гарцаагүй үүснэ. Эрдэмтдийн тооцооллоор эмнэлгийн ачаалал буюу эмнэлэгт болон гэртээ эмчлэгдэх хүний тоо долоодугаар сарын эхэнд оргилдоо хүрч болзошгүй. Энэ үед 30-40 мянган хүн коронавирусийн халдвараар нэгэн зэрэг өвдөж байх болно. Энэ оны зургаадугаар сарын байдлаар 30 мянган иргэн гэрээр болон эмнэлэгт эмчлэгдэж байна. Бид хөнгөн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй. Бидний нөөц хүрэхгүй" гэсэн юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/4003396693101761