Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бэгзсүрэн: Долдугаар сарын эхээр нас баралт оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл хийлээ. Уг мэдээллээс товчлон хүргэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Сүүлийн таван өдрийн хугацаанд коронавирусийн өвчлөлийн тохиолдол 2,200-2,400-гийн хооронд хэлбэлзэж байна. Халдварын тоо орон нутагт эрс нэмэгэдсэн. Үүн дотор Говь-Алтай, Орхон аймгийн тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа.

Мөн нийт өвчлөл дотор хүүхдийн өвчлөл нэлээд хувийг эзэлж байна. Зургадугаар сарын 16-ны байдлаар нийт 22,221 хүүхэд халдвар авсны 2,014 нь өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байна.

  • 0-4 насны хүүхэд 22.6 хувь
  • 5-9 насны хүүхэд 32 хувь,
  • 10-14 насны хүүхэд 30 хувь,
  • 15-17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдвар нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд 1,594 жирэмсэн эх халдвар авсны 615 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Судлаач, доктор Т.Бэгзсүрэн: Эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт нэмэгдэх хандлагатай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо өнөөдрийн байдлаар 34 мянга байгаа бол долдугаар сарын эхээр энэ тоо 40 мянгад хандлагатай байна. Мөн энэ үед нас баралт оргил үедээ хүрэх төлөв ажиглагдаж байна. Нас баралт одоогийн байдлаар дунджаар 10‑11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч болзошгүй.

Өдөрт илрэх халдварын тоо одоогийн байдлаар явах юм бол 3,500 хүрэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа.

Хэрэв зургадугаар сарын 25-наас 16 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох юм бол нийт тохиолдлын тоо 220 мянга хүрэх төлөвтэйгээс 170 мянга болгож бууруулах боломжтой гэдэг тооцоолол гарсан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Бид гурван удаа хөл хорио тогтоолоо, эдийн засгийн тодорхой арга хэмжээнүүдийг авлаа. Гэсэн ч халдвар буурахгүй харин ч бараг оргил үедээ хүрээд байна. Үүнд ЭМЯ ямар дүгнэлт хийж байна вэ. Халдварыг хумьж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ. Одоо хөл хорио тогтоогоод үр дүнд хүрч чадах уу.

ЭМ-ийн сайд С.Энхболд: Засгийн газар, УОК хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Халдварын тархалт их үед яалт ч үгүй хөл хорио тогтооно. Одоогоор хөл хорио тогтоох эрдэмтдийн санал гарсан ч хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар, УОК гаргаагүй байна. Үүнийг бид ярилцаж байгаа.

Хөл хорио бол үр дүнгээ өгсөн. Дээрээс нь вакцинжуулалт эрчимтэй явагдаж байна. Халдварын тархалт нэмэгдсэн шалтгаан бол хөл хөдөлгөөнтэй холбоотой. Сая талбай дээр ямар их шагнал урамшуулал болов. Үүнтэй холбоотой.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарынхан маань өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Бид энэ хүмүүсдээ туслах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх асуудалд тодорхой шийдэл гаргах ёстой. Ингэхдээ Нийгмийн бодлогын байнгын хороо санаачлаад хууль өргөх барьдаг ч юм уу тодорхой шийдэл хэрэгтэй байна. Мөн халдвар авсан хүмүүст эмчилгээний багцыг үнэ төлбөргүй хүргэж өгөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Нэг хүнд хамгийн багадаа 400 мянган төгрөгийн эмчилгээ хийж байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдлийн хөрөнгийг одоо ашиглах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: ЭМЯ-ныхан та бүхэн гишүүд болон иргэдэд нэг мэдээлэл өгөх шаардлагатай байна. Юу гэхээр, 3.3 сая иргэний 60 хувийг дархлаажуулалтад хамруулж байж халдварын эрч буурна гэдгийг хэлэх хэрэгтэй байна.

Вакцинжуулалтад 80, 90 хувь хамрагдсан гэдэг тоо хэлээд байхаар чинь ийм өндөр хувьтай вакцинжуулалтад хамрагдсан байхад халдварын тоо яагаад буурахгүй байна вэ гэдэг асуулт бий болоод байна. Мэдээллээ зөв өг.

Вакцины нэгдүгээр тунд нийт 1.9 сая хүн, хоёр дахь тунд 1.6 сая хүн хамрагдаад байна. Нийт хүн амын 60 хувь гэхээр ойролцоогоор хоёр сая иргэн гэсэн үг.

11:00 цагийн мэдээгээр вакцинд хамрагдах ёстой хүн амын 90 хувь нь хамрагдсан гээд байгаа болохоос биш нийт хүн ам гэж яриагүй.

УИХ-ын гишүүн П.Анужин: Хөл хориотой холбоотой бодлогоо тодорхой болгож өгөөч. Иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй байна.