Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын цэргийн дэглэмийн удирдагч зэр зэвсгийн хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн Орос улсад талархал илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Николай Патрушев, Мин Аун Хлаин нар

Мьянмарын цэргийн дэглэмийн удирдагч, генерал Мин Аун Хлаин өчигдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай Москва хотод уулзахдаа зэр зэвсгийн хүчин чадлыг нь нэмэгдүүлж өгсөн Орос улсад талархаж байгаагаа илэрхийлжээ.

Түүний удирдсан зэвсэгт хүчин энэ оны хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын төрийн эрхийг булааж, Аун Сан Су Чи тэргүүтэй иргэний засгийн газрын тэргүүнүүдийг баривчилж хорьсон юм.

“Орос улсын ачаар манай зэвсэгт хүчин бүс нутагтаа хамгийн хүчирхэг армиудын нэг болоод байна” гэж Мин Аун Хлаин уулзалтын үеэр мэдэгджээ.

Тэр бас Орос-Мьянмарын найрсаг харилцаа улам бүр зузаарч байгааг онцолсон байна. ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хариуд нь “Мьянмар бол манай цагийн уртад шалгарсан стратегийн түнш, найдвартай холбоотон юм” гэж магтаад хоёр орны харилцааны гол хэсэг нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болохыг онцолжээ.

Шойгу бас хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийн тулд цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Генерал Мин Аун Хлаин нь өчигдөр Москва хотод эхэлсэн олон улсын аюулгүй байдлын чуулганд оролцож байгаа юм.

Тэрбээр Мьянмарын төрийн эрхийг авсныхаа дараа хоёр дахь удаагаа гадаадад айлчилж байна.

Даваа гарагт генерал ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Николай Патрушевтай уулзсан юм.

Дараа нь тэр Оросын төрийн өмчит зэвсэг экспортлогч Рособоронэкспорт компанийн тэргүүн Александр Михеевтэй уулзжээ.

Мьянмарт төрийн эргэлт гарснаас хойш 870 гаруй энгийн иргэн цэрэг, цагдаагийнхны гарт алагдаад байгаа. 

Москвагийн эрх баригчид энгийн иргэд хэлмэгдэж буйд санаа зовж байгаагаа илэрхийлдэг ч цэргийн дэглэмтэй харилцаагаа сайжруулах эрмэлзлэлтэйгээ нуудаггүй.

Гуравдугаар сард Мьянмарын зэвсэгт хүчний баярын парад болоход ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд тус улсад айлчилж байв. Уг парадын үеэр ОХУ-аас худалдаж авсан нисэх онгоц, танк, нисдэг тэрэгнүүдийг үзүүлсэн юм.

 

Эх сурвалж: AFP