Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотын эмнэлгүүд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст үйлчлэхгүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотын эмнэлгүүд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийг хүлээж авахгүй болсныг тус хотын эрүүл мэндийн газар Баасан гарагт зарлажээ.

Зөвхөн шуурхай тусламж авах, хорт хавдрын эмчилгээ хийлгэх, цусны өвчтэй хүмүүст дээрх журам үйлчлэхгүй юм байна.

“Ямар нэг өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн биеийн дархлаа суларсан байдаг. Тиймээс өвчтөнүүдийн хувьд коронавирусийн халдвар ноцтой аюул учруулдаг. Өдөр бүр Москвагийн эмнэлгүүдээс олон өвчтөн халдвар авч Covid-19-ийг эмчлэх тусгай эмнэлгүүдэд шилжиж байна. Долоо хоногийн өмнө өдөрт 130 өвчтөн шилжиж байсан бол өчигдөр бараг 200 хүрлээ” гэж хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд тайлбарлажээ.

Энэ долоо хоногийн эхээр Москва хот нийтийн үйлчилгээний салбаруудын ажилтнуудыг заавал вакцинд хамруулах журам гаргасан юм. Үүнд зочид буудал, ресторан, хүн тээвэр, зугаа цэнгээний газрууд багтаж байв.

Эдгээр байгууллагуудын ажилтнуудын 60-аас багагүй хувь вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагыг хотын захиргаа танилцуулсан юм.

Шийдвэрийг танилцуулах үеэр Москва хотын захирагч Сергей Собянин “Эцсийн сонголтыг хувь хүн өөрөө хийх нь зөв. Хэрвээ та гэрээсээ гардаггүй хүн бол вакцинжуулалтад хамрагдалгүй, бүх зүйл сайхан болохыг хүлээж болно. Гэхдээ олон нийтийн дунд орж, хүмүүстэй харилцах бол хүссэн хүсээгүй дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай” гэж мэдэгдэж байжээ.

Вакцинд үл итгэх байдал ОХУ-ын хүн амыг дархлаажуулах үйл явцад саад болж байгаа. Өнөөдрийн байдлаар тус улсын хүн амын дөнгөж 10 орчим хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан нь Европын ихэнх орны дунджаас хоцорсон үзүүлэлт юм.

Баасан гарагт Москва хотод 9,058 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой тус хотын үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг 23:00 цагаар хязгаарлаад байна.

“Бид илүү хатуу арга хэмжээ авах хүнд хэцүү шийдвэр гаргахад тун ойрхон байна” гэж Москва хотын захирагч Собянин саяхан анхааруулжээ.

 

 Эх сурвалж: Russia Today