Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Хунан: Өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгааны улмаас 878 хүүхэд нас барсан нь анхаарал татаж байна. ХЭҮК мониторинг хийнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ. 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Иргэд амьд явах эрхээ эдэлж чадаж байна уу? Төгсөх ангийн сурагчдын сурч боловсрох эрхийг яах вэ? Тусгаарлалтад байгаа халдвар авсан хүүхдүүд жилийн дараа ЭЕШ өгөхөөс өөр аргагүй боллоо гэж албан тушаалтнууд мэдэгдэж байна. Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ өгөөд их, дээд сургуульд элсэх боломжоор хангах ёстой. ХЭҮК зөвлөмж гаргаад, УИХ-д танилцуулсан байх учиртай. 

Яах ёстой вэ? Үндсэн хуульд заасан эрхийг хэн нэгэн албан тушаалтан хуулиар хязгаарлаж болох уу?" хэмээн асуув. 

Энхийн цагт эрүүл мэндээ хамгаалуулж чадахгүй нас барж байгаа хүний тоогоор Монгол Улс дэлхийд дээгүүрт орно

Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан "Энхийн цагт эрүүл мэндээ хамгаалуулж чадахгүй нас барж байгаа хүний тоогоор Монгол Улс дэлхийд дээгүүрт орно. Амьд явах, хүүхдийн амьд явах эрхтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа. Өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгааны улмаас 878 хүүхэд нас барсан нь анхаарал татаж байна. Энэ хүрээнд энэ жил ХЭҮК-оос эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн мониторинг хийхээр ажиллаж байна. 

Хамтрагч байгууллагуудтай ярилцаж удирдамжаа боловсруулаад гуравдугаар улиралд эхлүүлэн энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэцүүдлээ. Энэ нь тулгамдсан асуудал тул шийдэх ёстой талаар БШУ-ны сайдтай ярилцсан. Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлаар мөн мониторинг хийнэ.

Сүүлийн үед ХЭҮК-т ирэх өргөдөл, гомдол ихсэж байна. 2020 онд нийт 790 өргөдөл, гомдол ирснээр 197 хяналт шалгалтыг хийсэн.

Үндсэн хуульд заасан эрхийг хүн бүр эдлэх ёстой. Цар тахлын улмаас тодорхой хүрээнд хязгаарлалт хийж байгаа. Гэхдээ энэхүү хязгаарлалт гарцаагүй, зайлшгүй, бодитой гэсэн шаардлагад нийцсэн байх ёстой. Төгсөх ангийн хүүхдүүдийн асуудал хүнд байгаа. Үүний шийдлийг олох шаардлагатай. 

Хэн нэгний үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэрээс хүүхдүүдийн эрх зөрчигдөх ёсгүй" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/393434581994110