Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантиг: Блокчейн технологи дээр хувийн хэвшлийнхний хөлд хүндрүүлэгч зүүх гээд байна

ikon.mn
2021 оны 6 сарын 17
Сурталчилгаа
 

“Булган-Ундрага” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантигтай Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.


-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл өнгөрсөн сард УИХ-д өргөн баригдсан. Хуулийн төслийн талаар ярихаас өмнө виртуал хөрөнгийн тухай ойлголтыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу. Мөн хууль эрх зүйн орчин шаардагдаж байгаа үндэслэл юу байв?

-Виртуал хөрөнгийг хуулийн төсөл дээр тодорхойлсноор аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр эсвэл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн эсвэл хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг виртуал хөрөнгө гэж нэрлээд байгаа юм. 

Тэгэхээр хүмүүс ихэнхдээ үүнийг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж ашиглаад байдаг. Мөн хэрэглээний буюу олон улсын гүйлгээ, Ардкойн, хөрвүүлж болдог лояалти оноо ч гэж үүнийг харж болно. Товчхондоо өөр төрлийн виртуал хөрөнгө рүү, эсвэл хувьцаа руу хөрвөх шинэ төрлийн эдийн бус цахим хөрөнгө. Дэлхий даяар 2009 оноос виртуал хөрөнгийн тухай ойлголт эхэлсэн гэж хэлж болно. Үүнийг олон улсад олон төрлөөр хуульчилж, мөн хуульчлахгүйгээр зохицуулаад явж байна. Харин Монгол Улсад яагаад өнөөдөр зохицуулалтад орох шалтгаан байна вэ гэвэл ФАТФ-ын саарал жагсаалтаар манай улс шаардлага биелүүлэх үүрэг авсан. Тэр нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хоёр заалттай. Үүнийг биелүүлэхийн тулд цахим хөрөнгийг бүртгэлжүүлэх ёстой. Арилжааны банкууд 20 саяас дээш гүйлгээ хийхдээ Монголбанк руу мэдээлэх үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл үйлчлүүлэгч тухайн мөнгөнийхөө гарал үүслийг батлах ёстой. Иймэрхүү байдлаар бүртгэлжүүлэх зорилгоор энэ хуулийн төсөл бий болж байгаа юм.

-Хэр сайн төсөл болсон бэ. Виртуал хөрөнгийн салбарт ажиллаж хувийн хэвшлийнхэн төсөл боловсруулах ажилд хэр оролцов?

-Хуулийн төсөл анхны хувилбараасаа нэлээд өөрчлөгдсөн харагдсан. Энэ нь зөвхөн төрийн байгууллагуудын зүгээс хийсэн өөрчлөлтүүд. Харин хувийн хэвшлийнхний санал барагтаа ороогүй гэж хэлж болно. Тэр утгаараа төрийн байгууллуудын эрх ашгийг хамгаалсан заалтууд дийлэнх байна. Тэдгээр нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад халгаатай нөхцөл байдал болж харагдаад байгаа. Тодруулж хэлбэл, төсөлд хүслийн жагсаалтууд ороод ирчихсэн. Ингэхээр заалтууд хоорондын уялдаа холбоо байхгүй болдог, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад тавигдах шаардлага хэт өндөр зэрэг сөрөг үр дагавар харагдаж байгаа юм. Зарим нь бүр байж боломгүй заалт ч байна.

-Тухайлбал... 

-Жишээ нь, блокчейн дээрх үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хэрэглэгчдийг шалгахад хүрвэл дансны хаяг, нууц үг зэрэг мэдээллийг нь шаардаж байгаа нь технологийн хувьд боломжгүй, хэрэглэгчийн эрх ашгийн хувьд ч боломжгүй зүйл. Мөн дэлгэрүүлэх, тодорхой болгох заалтууд ч олон байгаа юм. Түүнээс гадна энэ салбарын старт-ап буюу гарааны бизнесүүд байгаа. Тэд СЗХ-ноос зөвшөөрөл авъя гэхэд 100 сая төгрөгийн хураамж төлнө гэсэн. 100 сая гэдэг бараг гарааны бизнесээ бүхлээр нь босгох хэмжээний мөнгө.

Бас тусгай зөвшөөрөл авахад 12 сар хүртэлх хугацаанд судлана гэсэн. Эхний удаад 6 сар, Хорооны дарга хугацааг сунгавал дахиад 6 сар судална гэж заасан. Энэ нь хэт урт хугацаа. Ийм хурдтай хөгжлийн зах зээлд байж боломжгүй хугацаа. ББСБ-ын зөвшөөрлийг 30 хоногт шийддэг байхад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхэд 1 жил хүлээгдэнэ гэдэг хүндрэлтэй. Мөн хуулийн төсөлд мэргэжлийн хүн хяналт тавина гэж бас заасан байгаа. Мэргэжлийн, мэргэжлийн бус гэдгийг яаж тодорхойлох эсэх гээд тодорхойгүй заалтууд олон. Цаашлаад Санхүүгийн зохицуулах хороонд хэт их эрх мэдлийг олгож байгаа хэрнээ эргээд хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй.

-Тэгвэл хувийн хэвшлийнхэн үүн дээр байр сууриа илэрхийлнэ биз дээ. Бусад компаниуд ямар байр суурьтай байх юм? 

-Өнгөрсөн долоо хоногт виртуал хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 10-аад компани нийлээд Улаанбаатарын худалдааны танхимын дэргэд Монголын финтек-блокчейны зөвлөл байгуулсан. Зөвлөл маань саналаа нэгтгэж байгаа. Ирэх 7 хоногт хууль санаачлагч зохицуулагч төрийн байгууллагуудуудад саналаа хүргүүлнэ. Мэтгэлцээн хийнэ, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Бид хуулийн төслийн зорилгыг дуу нэгтэй дэмжиж байгаа. Виртуал хөрөнгийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг бүртгэлжүүлэх ёстой. Харин хуулийн төсөл дээр нэмэлт заалтууд нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулах эрсдэлтэй байна. Тийм учраас тэдгээрт өөрчлөлт оруулах, илүү тодорхой болгох хүсэлтийг Зөвлөлийн зүгээс хүргүүлнэ. 

Хуулийн төсөл батлагдах нь мэдээж давуу талтай. Энэ салбар хуультай болсноор аж ахуйн нэгжүүд хууль ёсны, албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн тусгай зөвшөөрөлтэй болно. Цаашлаад Монгол улсад татвараар болон гаднаас хөрөнгө оруулалт татах үр өгөөжтэй. Гадны хөрөнгө оруулагчдыг Монголд авчрах, хөрөнгө татах, гадны хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, түүнээс ашиг хийх, тухайн компани ашиг олсон хэмжээгээрээ татвар төлөх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, бид олон улсад нэгэнт бий болоод байгаа зах зээл дээр зөв дэд бүтцийг нь нээгээд өгчих юм бол хөрөнгө оруулалт ашгийг олон улсын зах зээл дээрээс хийх боломжтой. Тийм нөхцлийг харж байж хуулийн төслөө хийх ёстой юм болов уу гэдэг байр суурьтай байгаа 

-Сүүлийн үед виртуал хөрөнгө, криптовалютын зах зээл дээр манайд ажиглагдаж байгаа нэг зүйл бол СЗХ, Монголбанкны зүгээс анхааруулга, сэрэмжлүүлэг төдийнхнөөр хэмжигдээд байх шиг. Хувийн хэвшлээ дэмжих гэхээс илүү эсрэг алхмууд хийгээд байна уу гэж тодорхой хүрээнд харагдаж байгаа. Ядаж л хуулийн төсөл дээр хувийн хэвшлээс өдийг хүртэл санал аваагүй байна гэдэг үүнийг батлах. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ? 

-Ер нь бол сануулга, анхааруулга өгч байгааг зөв гэж үзэж байгаа. Ганц манай СЗХ биш, олон улсын СЗХ, Үнэт цаас зохицуулах хороод ийм л ижил төстэй мэдээллүүдийг байнга гаргадаг. Учир нь энэ зах зээл маань шинээр, туршлагагүй, хөрөнгө оруулалт хийж байгаагүй хүмүүс шуналын сэдлээр байраа зарж, зээл авч нэг ёсондоо бооцоо тавьж хөрөнгөө алдсан тохиолдол их байдаг. Үнийн савалгаа хэт өндөр. Энэ зах зээл нь зохицуулалтгүй, 24/7, 365 хоног арилжаа нь нээлттэй явж байдаг. Тийм болохоор шинээр орж байгаа хүмүүс мөнгөө алдах тохиолдол их учраас болгоомжлох ёстой гэдэг сануулгыг өгч байх ёстой. Хэрэглэгчид мэдээлэлгүйгээс болж луйвардуулах, асар өндөр савлагаатай зүйл рүү орох, мөнгөө алдах, цаашлаад хариуцлага хүлээх эрсдэлтэй. Хороо бол эрсдэлтэй шүү гэдэг талаас нь сануулга өгч байгаа нь зүйтэй. Гэхдээ нөгөө талаасаа боломжоо хааж болохгүй. Дутагдал нь  мэдлэг, мэдээлэл маш муу байна гэсэн үг.

Сайн мэдээлэлтэй, мэргэжлийн хүмүүстэй, баг хамт олонтой, болохгүй зүйлийг нь хаагаад болох зүйлийг нь дэмжээд өгчихвөл зөв зах зээлийн орчин бүрдэнэ. Тийм болохоор зөвхөн төрийн байгууллагын нэг талын шийдвэр биш, ялангуяа ардчилсан зах зээлтэй манайх шиг улсын хувьд бизнес хэвшлийнхэн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хоршиж байж энэ салбараа хөгжүүлж, зөв болгоно. Ард иргэдээ боловсролтой мэдлэгтэй болгоно. Үүнийг төр, хувийн хэвшил хамтарч хийх ёстой. Үүнийг л хувийн хэвшлийнхэн хүсээд байгаа юм. Бидний амьдралыг өөрчилж болох асар их боломж энд байна.

-Хөрөнгийн зах зээлийг судлаачийн хувьд танаас энэ салбарын олон улсын хөгжлийг асуумаар байна. БНХАУ гэхэд аль 10-аад жилийн өмнөөс энэ салбартаа анхаарч эхэлсний илрэл бол Ali pay, Wechat зэрэг байна. Бусад улс орон үүнийг хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Технологийн тал дээр энэ салбар манайд бүрэн гүйцэд төгс болоогүй байгаа. Туршилтын хөгжүүлэлтийн үе дээрээ явж байна. Дараагийн 5-10 жилийн хугацаанд блокчейны хувьд өргөн хэрэглээнд нэвтрэх байх гэж харж байгаа. Олон улсад бол нийт улс орны 60 хувьд Төв банкууд нь үндсэн валютаа блокчейн технологийг ашиглаж хэрэглэгчдээ нэвтрүүлэх бодлогыг баримтлаад ажлаа эхлүүлчихсэн дүр зураг харагдаж байгаа. 90-ээд хувь нь судалгаагаа үргэлжлүүлж байна. Хамгийн том нь БНХАУ. Хамгийн урд явж байгаа орон. Туршилтын шатандаа орчихсон, том том хотууддаа хэрэглээнд нэвтрүүлчихсэн. 

-Ярилцлагын төгсгөлд Ард санхүүгийн нэгдэл виртуал хөрөнгийн салбарт ямар төслүүд хэрэгжүүлж байгааг товч дурдахгүй юу?

-Ард санхүүгийн нэгдэл виртуал хөрөнгө хөрвөх боломж, олон улсад гаргах, олон улсын хэрэглэгчдэд ямархуу байдлаар хүргэх гэх мэтчилэн олон төрлийн ажлууд санаачлаад явж байгаа. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллага гэдэг утгаараа блокчейн технологи дээр суурилсан ухаалаг гэрээг ашигласан үйлчилгээнүүдийг олон улсад гаргах ажлууд ар араасаа үргэлжилж байна. Санхүүгийн үйлчилгээ буюу зээл авах, хадгаламж хийх зэргийг цэвэр ухаалаг гэрээгээр шийдэхээр ажиллаж байна. Хэн нэгэн хүн ард нь суух биш 100 хувь технологиор шийдэх туршилтын шатан дээрээ явж байна гэсэн үг. Нэвтрүүлэхэд ойрхон ирчихээд байна.

Төгсгөлд нь нэмж хэлэхэд блокчейн технологи дээр нэг гараанаас гарах боломж Монгол Улсад байна. Интернэт дээр бид хоцорчихсон. Блокчейн технологи дээр нэг гараанаас гарах гэж байхад тодорхойгүй, зохимжгүй, хэтэрхий өндөр босготой, төрийн байгууллагад хэтэрхий их эрх мэдэл олгосон хууль эрх зүйн орчноор хөлд нь хүндрүүлэгч зүүх гээд байна. Хэрэв ингэвэл бид 10 жилийн дараа эргэж хараад "Бидэнд уг нь боломж байсан. Гараанаас олон улстай хамт хөдөлсөн. Гэтэл бид хөлдөө хүндрүүлэгч зүүгээд хоцорчихсон" гээд харамсаж суухгүйгээр урагшилмаар байна.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.