Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма олны нүднээс нуугдаж, зураг зурах авъяасаа хөгжүүлж байгааг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Алибаба компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жо Цай өчигдөр Америкийн CNBC сувагт ярилцлага өгөхдөө Хятадын тэргүүн баян Жэк Магийн сургийг гаргажээ.

Жэк Ма нь өнгөрсөн оны намраас хойш олны нүднээс далд амьдарч байгаа нь Хятадын засгийн газраас Алибаба компанид тавих хараа хяналтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Жэк Магийн эрүүл мэнд, сэтгэл санаа маш сайн, зураг зурах авъяасаа хөгжүүлж, нам гүм амьдарч байгааг Цай ярьжээ. Тэрбээр Матай өдөр бүр холбоотой байдаг гэнэ. Бас Магийн хувийн амьдралыг Алибабад одоо өрнөж буй үйл явдлуудтай холбож ойлгох шаардлагагүйг Цай хэлсэн байна.

Хоёр жилийн өмнө Алибабагийн гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн Жэк Ма одоо тус компанийн үйл ажиллагаанд оролцолгүй, буяны үйлс, хоббидоо төвлөрөн олны нүднээс хол амьдарч байгааг тэр хэлжээ.

Нэг хэсэг төрийн зохицуулалт сул байх үед Алибаба, түүний санхүүгийн бизнесийн салбар Ант Групп асар хурдтай томорч байсан юм.

Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард Жэк Ма нэгэн хурлын үеэр Хятадын засгийн газрын зохицуулалтын орчныг хүчтэй шүүмжилсний дараа байдал өөрчлөгдөж байв.

Үүний дараа Ант Группын $35 тэрбумын IPO ажиллагааг Бээжингийн эрх баригчид зогсоож, Алибаба компанид шударга бус өрсөлдсөн шалтгаанаар $2.8 тэрбумын торгууль оноосон юм.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ант Группын IPO ажиллагааг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний шууд заавраар зогсоосон гэдэг.

Одоо эрх баригчид Ант Группыг үндсэн бизнес болох төлбөр тооцооны үйл ажиллагаандаа төвлөрч, өөр салбарт өргөжихийг нь хориглох чиглэл өгөөд байгаа.

 

Эх сурвалж: Business Insider