Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Азербайжаны буцааж авсан нутаг болох Уулын Карабахт зочилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өнгөрсөн онд болсон зургаан долоо хоногийн дайны дараа Азербайжаны хяналтад шилжсэн Уулын Карабахын бүс нутагт зочилжээ.

Тэрбээр өмнөх өдөр нь Брюссель хотноо NATO-гийн дээд хэмжээний чуулганд оролцож, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.

Эрдоганы гэнэтийн айлчлалыг Армени улсын гадаад хэргийн яам “бүс нутгийн тогтовртой байдлын эсрэг шууд өдөөн хатгалга” хэмээн нэрлээд харамсал илэрхийлжээ.

Азербайжаны нийслэл Бакуд ирснийхээ дараа Туркийн ерөнхийлөгч Уулын Карабахын зүүн өмнөд дүүргийн Фузули тосгонд зочилсон байна. Уг тосгоныг Азербайжаны цэрэг өнгөрсөн онд болсон дайны үеэр хамгийн түрүүнд Армени үндэстний салан тусгаарлагчдаас булааж авсан юм.

Эрдоган энд Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж, цааш хамтдаа Уулын Карабахын стратегийн чухал хот болох Сусад зочилжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Азербайжаны арми уулын бэхлэлтийн энэ хотыг эзэлж авснаар дайнд ялах замаа нээсэн юм.

Суса хотод Эрдоган, Алиев нар Азербайжан, Туркийн холбоотны харилцааг зарлах Сусагийн тунхагт гарын үсэг зуржээ.

Уулын Карабахын дайны үеэр Турк улс угсаа гарал нэгт Азербайжан улсыг бүх талаар дэмжиж байсан юм.

Дэлхийн олон улс орон Уулын Карабахыг Азербайжаны газар нутаг болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч 1990-ээд оны үед эндхийн хүн амын гол хэсэг болох Армени үндэстнүүд салан тусгаарлах дайн эхлүүлж, саяхныг хүртэл Бакугийн захиргаанаас хамааралгүй оршиж ирсэн байна.

Салан тусгаарлах дайны үеэр 30,000 гаруй хүн амь үрэгдэж, Уулын Карабахаас 750,000 орчим азербайжан үндэстнийг нүүлгэн гаргаж байжээ.

 

Эх сурвалж: AFP