Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэмбилэг: Вирусийн эсрэг эмийг ямар үнээр бүртгэгдсэнийг нээлттэй зарлана

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Засгийн газраас КОВИД-19-ийн эсрэг эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай байна. Эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх хэрэгтэй. КОВИД-19-ийн эсрэг эмийн үнийг бууруулж, даатгалд хамруулах шаардлага үүсэж байна.

Эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. КОВИД тусаад гэрээр хяналтад орох үед хамгийн багадаа нэг хүн 150,000-200,000 төгрөгийн эм авах нь иргэдэд маш хүнд тусаж байна. Эмийн үнийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?" гэдгийг тодруулсан юм.

Вирусийн эсрэг эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаа

Түүний асуултад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Вирусийн эсрэг эмүүдийг харилцан адилгүй үнээр компаниуд оруулж ирж байгаа.

Өчигдөр хүний эмийн зөвлөл хуралдсан. Сүүлийн үед вирусийн эсрэг эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаа.

Иймээс нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг нь  яамны болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудсаар ямар үнэтэйгээр санал болго гэж зөвшөөрөл авсан гэдгийг олон нийтэд ил тод зарлахаар болсон. Ингэснээр иргэд тухайн вирусийн эмийг ямар үнээр бүртгэгдсэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой" хэмээн хариулав.