Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 44.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 682.1 мянган ажиллагч хамрагджээ. 

Үүнээс харвал нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.5%) мянгаар, өмнөх улирлаас 542 (1.2%)-оор, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 20.7 (3.1%) мянгаар нэмэгдсэн бол өмнөх улирлаас ажиллагчдын тоо 9.6 (1.4%) мянгаар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

График. НДШ төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, дүнд эзлэх хувиар, 2021 оны 1-р улирлын байдлаар 

 
ҮСХ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 682.1 мянган ажиллагчдын сарын медиан цалин 945.7 мянган төгрөг байна.

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин тус улирлын байдлаар 1.3 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 55.2 (4.4%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 13.2 (1%) мянган төгрөгөөр буурсныг мөн хэлэв. 

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд,

  • Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.8 сая төгрөг,
  • Хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.5 сая төгрөг,
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 103.6-441.5 (7.9%-33.6%) мянган төгрөгөөр их байгаа аж.