Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэмбилэг: Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүдэд Pfizer вакцин хийхийг зөвлөж байгаа

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагийн үеэр тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулах эсэх талаар тайлбар өглөө.

Тэрбээр “Улмын хэмжээнд КОВИД-19-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй 1,152 байна. Эдгээр эмэгтэйн 114 нь гэрээр эмчлэгдэж, 250 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдлын хувьд 12 нь хүнд буюу нэн хүнд хэлбэрээр өвдсөн. Нийт өвдсөн эмэгтэйчүүдээс 286 нь төрсөн. Үүнээс 196 эмэгтэй төрөх замаар, 90 эмэгтэй кесарев мэс заслаар төрөөд байна.

Ковидын хүндрэлээр хоёр эх эндсэн харамсалтай тохиолдол бий. Эдгээр хоёр эх гуч орчим долоо хоногтой, дутуу төрсөн, хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр эндлээ. Жирэмсэн эмэгтэйд толгой өвдөх, ханиалгах, амт үнэрлэх мэдрэмж алдагдах, халуурах, хоолой өвдөх, хамраас нус гоожих зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийд 23 мянган жирэмсэн эмэгтэй КОВИД-19-өөр өвдсөн. Жирэмсэн эмэгтэй КОВИД-19-өөр өвдөхөд ойролцоогоор жирэмсэн бус тохиолдлоос гурав дахин илүү эрчимт эмчилгээнд орох магадлалтай. 

Манай улсад орж ирсэн Pfizer вакцины заалт дээр жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хийхэд ямар нэгэн эсрэг заалтгүй гэж бичсэн байгаа. Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах бол хяналтын эмчээсээ зөвшөөрөл аваад хийлгэж болно.

 
ЭМЯ

Өөрөөр хэлбэл тухайн бодисын найрлагад орсон ямар нэгэн бодисоос харшилгүй бол хийлгэж болох юм. Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүдэд Pfizer вакцин хийхийг зөвлөж байгаа.

Ямар нэгэн эрсдэл байхгүй гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. Ургийн хөгжлийг хэт авиан шинжилгээгээр хянадаг. Төв мэдрэлийн систем болон зүрхний эхний эрхтнүүдийн үүсэл гуравдугаар долоо хоногоос эхэлж тавигдаад, дөрөвдүгээр долоо хоногоос хөгжиж эхэлдэг. Нүд дөрөв, тав, чих зургаадугаар долоо хоногт, тагнай долоогоос наймдугаар долоо хоногт гэх мэт хөгжинө.

Есөн долоо хоног гэхэд ургийн эрхтнүүд хөгжөөд бүрэлдэн тогтсон байдаг. Есөн долоо хоногоос бүрэлдээд тогтсон эрхтнүүд цаашид улам хөгжиж явдаг. Тэгэхээр ургийн ихэнх гаж хөгжлүүд есөн долоо хоногоос өмнө үүсдэг. Эрдэмтэд 14 долоо хоногоос хойш буюу дөрөв дэхь сараас хойш жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. Энэ сараас хойш урагт ямар нэгэн гаж хөгжил үүсэхгүй” гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/177015847704513