Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр дэвшигч захиалгын цагтаа өөрийгөө сурталчлахын зэрэгцээ өрсөлдөгчөө сөргөөр мэдээлэх нь өмнөх сонгуультай харьцуулахад буурсан"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн үр дүнг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс танилцууллаа. 

"Сонгуулийн тухай хуулийн 41.6, 41.7, 41.10-д заасан хуулийн хязгаарлалтыг зөрчсөн 30 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 19 нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэтэй холбоотой долоо, дөрөв нь Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбаттай холбоотой байна. 

Энэ жилийн сонгууль тайван өнгө аястай болсон. Мэдээллийн өнгө аясын хувьд 89 хувийг нь магтаж, сайшаасан мэдээлэл эзэлж байна. МҮОНТ гурван нэр дэвшигчдэд тэгш цагийг оногдуулах хуулийг биелүүлж чадсангүй.

Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх уг телевизээр хамгийн өндөр хувьтай буюу 40 хувьтай гарсан бол, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ хамгийн бага буюу 29 хувь, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 31 хувьтай гарсан байна. 

Уг нь цаг хуваарилалтынхувьд тэнцүү байх юм бол дунджаар 33 хувьтай гарах ёстой. Гэтэл эрх барих намын удирдлага  МҮОНТ-ээр дунджаас өндөр түвшинд гарсан. Арилжааны телевизүүдээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөн л дангаараа 55 хувьтай гарлаа. 

Сонгогчдын боловсролд зориулсан контент 39 хувьд хүрч, өмнөх сонгуультай харьцуулахад зургаан хувиар өссөн. Нэр дэвшигч захиалгын цагтаа өөрийгөө сурталчлахын зэрэгцээ өрсөлдөгчөө сөргөөр мэдээлэх нь өмнөх сонгуультай харьцуулахад буурсан дүр зурагтай байна. 

Эцэст нь дүгнэж хэлэхэд, Сонгуулийн тухай хуулийг телевизүүд маш сайн баримталж ажиллалаа. Харин сонгуулийн тухай хуультай уялдаж гарсан, радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулах журмын хэрэгжилт хангалтгүй байсан. Тухайн журам, хуультайгаа зөрчилдөх тохиолдол гарсан" гэдгийг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс танилцуулав.