Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том мах боловсруулагч компани хакеруудад $11 саяыг төлж, барьцаанаас үйлдвэрээ чөлөөлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том мах боловсруулагч гэгддэг Бразилын JBS компани үйлдвэрийн удирдлагын системээ хакеруудад барьцаалуулсан тухайгаа тавдугаар сарын 31-ний өдөр зарласан билээ.

“Ransomware” гэгддэг энэхүү халдлагын улмаас тус компанийн АНУ, Канад, Австрали дахь үйлдвэрүүд ажиллах боломжгүйж, олон өдөр саатсан юм. 

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт JBS компанийн АНУ дахь салбар хакеруудад $11 саяыг төлж, үйлдвэрүүдээ чөлөөлснийг зарлажээ. “Энэ бол миний хувьд ч, компанийн маань хувьд ч маш хэцүү шийдвэр байлаа. Гэсэн хэдий ч хэрэглэгчдэдээ учирч болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд ингэхээс өөр аргагүй байв” гэж JBS USA компанийн гүйцэтгэх захирал Андре Ногуэйра мэдэгдсэн байна.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Хувийн компаниуд барьцааны мөнгө төлөх нь буруу юм. Ингэснээрээ гэмт этгээдүүдийг урамшуулж, дахин дахин халдлага гарах замыг нээж байна. Бас мөнгө төлөөд барьцаалагдсан системээ бүрэн бүтэн буцааж авах баталгаа байхгүй юм” гэж мэдэгджээ.

Тэрбээр JBS компанийн нэрийг дурдаагүй ч “ransomware” төрлийн халдлагатай тэмцэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон байна.

Холбооны Мөрдөх Товчоо энэ удаагийн халдлагыг REvil нэртэй, Орос гаралтай хакеруудын бүлэг үйлдсэн гэх эхний дүгнэлтийг хийжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын шатахуун түгээлтийн Colonial Pipeline компани мөн дамжуулах хоолойн дэд бүтцээ хакеруудад барьцаалуулж, $5 сая орчмыг төлөхөд хүрсэн юм. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын хууль зүйн яам барьцааны мөнгөний талаас илүүг нь хакеруудын данснаас биткоин хэлбэрээр буцааж олж авснаа зарлаж байв.

Colonial Pipeline мөн Оросоос гаралтай хакеруудын бүлэгт 75 ширхэг биткоин төлж, хоолойн дэд бүтцийн удирдлагаа буцааж авсан юм.

JBS компани нь нийт 850 гаруй IT мэргэжилтэнтэй бөгөөд жил бүр $200 сая гаруйг мэдээллийн технологийн үйл ажиллагаандаа зарцуулдаг байна. Тус компанийн салбар үйлдвэрүүд АНУ, Австрали, Канад, Европын Холбоо, Мексик, Шинэ Зеланд, Их Британид байдаг ажээ.

 

Эх сурвалж: AFP