Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт дуусжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт дууслаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийтдээ 437.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 96 хувьд хүрчээ.

Дээрх тариалалтаас,

  • Улаанбуудайн тариалалт 96.1 хувь,
  • Төмс 74.9 хувь,
  • Хүнсний ногоо 58.9 хувь,
  • Малын тэжээл 17.1 хувь,
  • Тосны ургамал 82.6 хувьтай байна.

Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 638 иргэн, аж ахуйн нэгжид 12.2 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 345.3 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 32.4 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгаа аж.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 906 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 386 иргэн, аж ахуйн нэгжид 17.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Түүнчлэн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж, тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Ингэснээр хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой хэмээн төлөвлөж байгаа юм.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам