Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ алгадуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон орон нутагт иргэдтэй уулзах үеэрээ нэгэн экстремист этгээдэд алгадуулжээ.

Тэрбээр Францын зүүн өмнөд бүсийн Тайн Лэрмитаж тосгонд рестораны бизнес эрхлэгчид, оюутнуудтай цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн талаар уулзаад гарч явахдаа тэнд байсан иргэдтэй мэндчилсэн байна.

Гэтэл амны хаалт, нүдний шил зүүсэн нэг эрэгтэй гэнэт Макроны хацрыг алгаджээ.

Энэ үеэрээ тэр “Montjoie Saint Denis” гэх хаант засаглалыг дэмжигчдийн уриаг хашхирсан байна. Дараа нь тэр “Макронизм сөнөтүгэй” гэж хашхирчээ.

Макроны бие хамгаалагчид алгадагч этгээдийг аюулгүй болгосон байна. Энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчилснаа орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Макрон дараа нь хэвлэлд ярихдаа “Бид цаашдаа ийм явдал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Энэ бол онцгой тохиолдол байлаа. Олон нийтийн хэлэлцүүлэгт хүчирхийллийг дэмжигч хүмүүсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Тэдэнд ингэх эрх байхгүй” гэсэн байна.

Францын улс төрчид Макронтой санал нэг байгаагаа илэрхийлцгээжээ. Тус улсын ерөнхий сайд Жан Кастекс “Энэ бол ардчиллын эсрэг үйлдэл гэдэг нь тодорхой байна” гэж хэлсэн юм.

Макроныг шүүмжлэгчид хүртэл уг экстремист үйлдлийг дуу нэгтэйгээр буруутгажээ.

Тухайлбал үндсэрхэг үзэлтэй сөрөг хүчний “Үндэсний Хөдөлгөөн” намын тэргүүн Марин Ле Пэн “Ардчилсан хэлэлцүүлэг мэтгэлцээн хэчнээн ширүүн байсан ч хүчирхийллийг тэвчих ёсгүй” гэж мэдэгдээд Бүгд Найрамдах засаглалын ерөнхийлөгч халдлагад өртсөнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Зүүний үзэлтэй “Нугаршгүй Франц” намын тэргүүн Жан Лук Мэланшон “Санал зөрөлдөөн хүчирхийллийг зөвтгөхгүй. Энэ явдлаас бүгд ойлгож авсан гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today