Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Их Долоогийн гишүүн орнууд технологийн компаниудаас хамгийн багадаа 15 хувийн татвар авахаар санал нэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт дэлхийн аж үйлдвэржсэн гүрнүүдийн Их Долоогийн бүлэг үндэстэн дамнасан технологийн аварга компаниудаас хамгийн багадаа 15 хувийн татвар авахаар санал нэгджээ.

Лондон хотод хоёр өдөр үргэлжилсэн хурлыг даргалсан Их Британийн сангийн сайд Риши Сунак “Олон жилийн турш хэлэлцсэний эцэст Их Долоогийн сангийн сайд нар дижитал эрин үед нийцсэн дэлхий дахины татварын систем бий болгох түүхэн тохиролцоонд хүрлээ” гэж мэдэгдсэн байна.

Ингэснээр Facebook, Google, Amazon, Apple зэрэг технологийн аварга компаниуд интернэтээр үйлчилгээ үзүүлж буй улс орон бүртээ доод тал нь 15 хувийн татвар төлөх нөхцөл бүрдэж байгаа юм.

Ирэх сард Венец хотод болох Их 20-ын гишүүн орнуудын чуулганаар уг саналаа хэлэлцүүлж, дэмжүүлэхээр болсон байна.

Их 20-ын бүлэгт Их Долоогоос гадна эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй дэлхийн бусад 13 улс багтдаг юм.

Татвараас гадна компаниудыг цаашдаа үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгааг нэгдсэн стандартаар тайлагнадаг болгох тал дээр Их Долоогийн сангийн сайд нар санал нэгджээ.

Технологийн компаниудаас хэрхэн татвар авах асуудал АНУ болон Европын орнуудын дунд олон жилийн турш маргаантай сэдэв байсан юм.

Энэ удаагийн саналыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа гаргаж, бусад гүрнүүд дэмжсэн байна.

Герман, Франц улсууд АНУ-ын саналыг талархан хүлээж авчээ. Гэхдээ Францын сангийн сайд Бруно Ле Мэйр 15 хувийг “дөнгөж эхлэл” гэж үзээд илүү өндөр татвар авдаг болохын төлөө тэмцэхээ мэдэгдсэн юм.

Германы сангийн сайд Олаф Шолц “Энэ бол дэлхийн татварын диваажингуудад муу мэдээ. Компаниуд цаашдаа бага татвартай улс орнуудад орлогоо тайлагнаж, өндөр татвараас зайлсхийх боломжгүй болно ” гэж мэдэгджээ.

Технологийн аварга компаниудыг Европтоо хамгийн бага буюу 12.5 хувийн татвараар татсаар ирсэн Ирланд улсын сангийн сайд Паскал Донахю “татварын ямар ч тохиролцоо том, жижиг бүх улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцэж байх ёстой” гэж твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Татварын таатай нөхцөлтэй тул АНУ-ын технологийн топ 10 компанийн 9 нь Европ тивийг хариуцсан оффисоо Ирланд улсад байгуулсан байдаг юм.

 

Эх сурвалж: Reuters