Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ариунболд: Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийг АХ-ын 100 жилийн ойгоос өмнө батална гэж харж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон Улсын наадамд зөвхөн монгол морийг уралдуулж, эрлийз адууг тусад нь уралдуулах асуудлаар Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Холбооны зүгээс монгол наадмыг мөн чанараар нь авч үлдэх, малчин уяачдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны зүгээс монгол уяачдын жудаг ёс зүйгээр шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудыг хууль тогтоомжийг боловсронгуй болгож, нэмэлт өөрчлөлтийг хийх санал санаачилгыг 2018 оноос хойш тавьж ирсэн. Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах тогтоол гарсан. Иймд уг төслийг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө баталж, хэрэгжүүлэн монгол наадмыг тойрсон маргаанд цэг тавих цаг үе ирсэн гэж харж байна" хэмээн Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны үүсгэн байгуулагчдын нэг М.Ариунболд мэдээллийн эхэнд онцоллоо. 

"Наадамд уралдах морийг гурваас доошгүй хоногийн өмнө бүртгэлжүүлэх зохицуулалт орж байгаа"

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр "Хуулийн хүрээнд хэд хэдэн том өөрчлөлт орж байгаа. Тухайлбал наадмын өглөө морьд ялгадаг. Хүний бүтэн жил хүч хөдөлмөрөө зарцуулан байж уясан морийг наадмын өглөө нь уралдаж болохгүй гэх зүй бус шийдвэрийг наадмын комисс гаргадаг. Энэ байдлыг шинэчилсэн хуулийн төслийн хүрээнд халж байгаа. Өөрөөр хэлбэл, наадамд уралдах тухайн морийг уралдаж болох эсэх талаар гурваас доошгүй хоногийн өмнө бүртгэлжүүлж, ил тод мэдээлэх бөгөөд холбогдох гомдлыг гурав хоногтоо шийдвэрлэх шинэ зохицуулалт орж байгаа юм.

Түүнчлэн тус хуульд Монгол үйлдвэрийн адууны стандартад нийцсэн адууг бүртгэлжүүлж уралдуулна гэж заасан. Мөн унаач хүүхдийн даатгалын асуудал ч хамаарсан” гэлээ.

"Цол гэдэг нь шагнал биш эрэмбэ"

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын уяачдын холбооны Дэд тэргүүн Ц.Дуламсүрэн "Манай уяачид монгол морьтойгоо монгол төрийн наадамд оролцохыг хүсэж байгаа. Өнөөдөр тулгамдаж байгаа бас нэг асуудал бол монгол уяачдад цол өгөх явдал. Цол гэдэг нь шагнал биш эрэмбэ юм. Гэтэл өнөөдөр цолны хулгайчид хэрээс хэтэрсэн. Жишээлбэл, Доржийн өөрийнх нь уясан морь уралдаад ирэхэд үнэмлэхийг нь хуулж Бат гэдэг хүний нэр бичээд хуурамч уяач цол авхуулж байна. Насаараа морь уясан жирийн уяач цол хэргэм авч чадаагүй байхад эрлийз адуу авч хүнээр уяулаад цол авч байгаа тохиолдлууд их байна” гэв.

Хурдан морь сонирхогч, уяачид нэгдэн эрх ашгаа хамгаалахаар  “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” байгуулах болсон байдаг.