Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын зайрмагны зах зээлд хөрөнгө оруулах боломжийн талаар Оросын сэтгүүлчид Гадаад харилцааны сайдаас асуужээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

ОХУ-д айлчилж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "РИА Новости" агентлагийн сэтгүүлчдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ.

Уг ярилцлагын үеэр Монголын зайрмагны зах зээлийн талаар Оросын сэтгүүлчид сонирхсон нь анхаарал татсан юм.

“Монгол бол Оросын зайрмагны гол импортлогчдын нэг. Импортын хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөө байна уу? Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтарсан үйлдвэр байгуулах боломж бий юу? Та өөрөө зайрмагт дуртай юу?” гэсэн асуултыг сэтгүүлчид Б.Батцэцэг сайдад тавьсан байна.

Сайд уг асуултад хариулахдаа “Зайрмагт дургүй хэн байх вэ? Энэ бол хүүхдүүдийн төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч хамгийн дуртай амттан шүү дээ. Миний мэдэхээр Оросын зайрмагны хамгийн том импортлогч АНУ болсон гэсэн. Энэ оны нэгдүгээр улиралд $2.6 саяын зайрмаг импортолсон Хятад улс хоёрдугаарт бичигдсэн байна. Эдгээр том гүрэнтэй харьцуулахад Монгол Улсын импортын хэмжээ тийм их биш. Ерөнхийлөгч Путин гадаадын хүндтэй зочдоо орос зайрмагаар дайлж байгааг бид мэдээнээс хардаг. Үүнийг шинэ хэлбэрийн “зайрмагны дипломат ажиллагаа” гэж нэрлэж болох юм.

Сүүлийн жилүүдэд манайд төрөл бүрийн зайрмагны үйлдвэрлэл хөгжиж байгаа. Жил бүр үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, өрсөлдөөн эрчимжиж байна. Монголын зайрмагны зах зээлийн 72 хувийг Ice Mark компани эзэмшдэг. Өнөөдөр тус компани 40 гаруй төрлийн зайрмаг үйлдвэрлэж байна. Цаашдаа тэд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа. Үүнээс гадна манай зах зээлд Оросын зайрмагны өргөн сонголт бий. Хүн амын дунд орос зайрмаг нэр хүндтэй, эрэлт хэрэгцээтэй байдаг.

Манай зайрмагны зах зээлд эрүүл өрсөлдөөн байх нь бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулахад тустай гэж хэлж болно.

Хүүхэд байхдаа би вафель аягатай зайрмагт их дуртай байсан ч харамсалтай нь олдоц муутай байлаа. Уг аяга нь Зөвлөлтийн технологичдын бүтээл гэдгийг онцолж хэлмээр байна. Хүүхэд насны энэ амтыг мартах аргагүй юм” гэжээ.

 

Эх сурвалж: РИА Новости