Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тусламжийн вакцины эхний 25 сая тунг хүлээж авах улс орнуудыг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Жо Байдены засаг захиргаа коронавирусийн эсрэг вакцины нөөцөөсөө 80 сая тунг дэлхийн улс орнуудтай хуваалцахаар болсноо өнгөрсөн сард зарласан билээ.

Тэгвэл Пүрэв гарагт эхний ээлжийн 25 сая тунг дэлхийн ямар улс орнуудтай хуваалцах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Жо Байдены мэдэгдэлд “АНУ зорилтот бүлгийн хүн амаа бүрэн вакцинжуулах зорилготой ажиллахын хажуугаар дэлхий даяараа дархлаажсан цагт цар тахал өндөрлөх ёстойг ойлгож байна” гэжээ.

Эхний 25 сая тун вакцины 19 сая тунг нь Covax хөтөлбөрөөр дамжуулан улс орнуудад тараахаар болсон байна. Үүний 7 сая нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад, 7 сая нь өмнөд болон зүүн өмнөд Азийн улсуудад, 5 сая нь Африк тивийн улсуудад хуваарилагдахаар болжээ.

ДЭМБ-ын дэмжлэгтэй Covax хөтөлбөр нь вакцины нөөцийг дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгахын төлөө ажилладаг. Одоогоор тус байгууллага нийт 76 сая тун вакциныг дундаас доош орлоготой улс орнуудад хуваарилаад байгаа.

Тиймээс АНУ-ын 19 сая тун вакцин томоохон дэмжлэг болохоор байна.

Covax-аас гадна АНУ-ын засаг захиргаа 6 сая тун вакциныг өөрийн холбоотон, стратегийн ач холбогдолтой улс орнуудад хуваарилахаар болжээ.

Үүнд Мексик, Канад, Өмнөд Солонгос, Палестин, Энэтхэг, Украин, Косово, Хайти, Гүрж, Египет, Йордан, Йемен, Ирак улсууд багтсан байна. Мөн НҮБ-ын тусламжийн ажилтнуудыг үүнд хамруулахаар болжээ.

Вакцин хүлээж авсан улс орнуудаас АНУ ямар нэг амлалт, болзол шаардахгүйг Жо Байден онцолсон байна.

АНУ-ын насанд хүрсэн хүн амын 63 хувь вакцины эхний тундаа хамрагдаж, халдварын тохиолдлууд эрс буурсан тул ийнхүү дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

Тус улс өөрийн нутагт үйлдвэрлсэн AstraZeneca вакциныг бүхэлд нь экспортолж байгаа бол Pfizer, Moderna компаниудад бас гадагш экспортлох зөвшөөрөл өгсөн байна.

Эдгээр компаниуд АНУ-ын вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрэх хүртэл гадагш экспортлохгүй байх үүрэг хүлээгээд байжээ.

 

Эх сурвалж: The Guardian