Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Путинтэй бүжиглэж алдаршсан Австрийн гадаад хэргийн сайд асан Роснефть компанийн өндөр албан тушаалд томилогджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Австри улсын гадаад хэргийн сайд асан хатагтай Карин Кнайсл ОХУ-ын төрийн өмчит Роснефть компанийн төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус захирлаар томилогджээ.

Тэрбээр 2018 оны наймдугаар сард Австрийн нэгэн бизнесмэнтэй хуримлахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг урьж байсан юм.

Хуримын даашинзтай гадаад хэргийн сайд хатагтай ОХУ-ын ерөнхийлөгчтэй бүжиглэж буйг харуулсан гэрэл зураг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв.

Тухайн үед Их Британид тагнуулын экс ажилтан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг гарсантай холбоотойгоор Европын Холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ зарлаад удаагүй байсан юм. Хэдийгээр Орос-Европын маргаанд Австри улс төвийг сахиж байсан ч гадаад хэргийн сайдынх нь энэ үйлдэл өрнөдийн орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байв.

Карин Кнайсл 2019 онд сайдын албан тушаалаасаа буусан бөгөөд өнгөрсөн оноос эхлэн Оросын төрийн суртал нэвтрүүлгийн суваг болох Russia Today-д зочин нийтлэлчээр ажиллах болжээ.

Кнайсл шинэ албан тушаалд томилогдоод ямар хэмжээний цалин авах талаар мэдээлэл гараагүй байна.

Өмнө нь Германы канцлерь асан Герхард Шрёдер дөрвөн жилийн хугацаанд Роснефтийн удирдах зөвлөлд ажиллахдаа жилийн $600,000-ын цалин авдаг байсан гэх мэдээлэл бий.

Канцлерь байхдаа Путинтэй дотно найз байсан Шрёдер байгалийн хийг Оросоос Германд дамжуулах “Умард Урсгал” төслийг дэмжигч байсан юм.

Тэр бас албан тушаалаасаа буусны дараа Газпром компанийн хувь эзэмшигчдийн хорооны даргаар ажиллаж байжээ.

Одоогоор Роснефть компанийн удирдах зөвлөлд өрнөдийн орнуудын иргэдээс BP (British Petroleum) компанийн гүйцэтгэх захирал, Ирландын иргэн Бернард Лүни, BP компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн Боб Дадли нар ажилладаг.

Мэргэжлийн дипломатч, 56 настай Карин Кнайсл 2018 онд гэрлэснээсээ хойш удалгүй нөхрөөсөө салж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian