Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Перу улс Covid-19 өвчнөөр нас барсан хүнийхээ тоог огцом өсгөснөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэх боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Перу улсын эрх баригчид өчигдөр Covid-19 өвчнөөр нас барсан хүнийхээ тоог огцом өсгөх шийдвэр гаргажээ. Өнөөдрийг хүртэл нас барсан хүмүүсийг дутуу тоолж байсныг мэргэжилтнүүдийн баг илрүүлсний дараа одоогийн 69,342-ыг 180,764 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг засгийн газар нь гаргасан байна.

Ингэснээр Перу улсын сая хүн ам тутамд ноогдох нас баралтын тоо 5,484 болж, хохирлын хэмжээгээр дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд бичигдэх болжээ.

Өмнө нь тус улс нэг сая хүн тутамд 2,103 нас баралт ноогдох үзүүлэлтээр дэлхийд 13 дугаарт жагсаж байв.

33 сая орчим хүн амтай Перу улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 1.9 сая гаруй тохиолдол бүртгэгджээ.

Перугийн дараа хоёрдугаарт Унгар улс сая хүн тутамд 3,077 нас баралттай удаалж байна.

Дөрөвдүгээр сард Перу улсад төр, хувийн салбарын мэргэжилтнүүд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгч оролцсон баг байгуулагдаж, цар тахал эхэлсэн цагаас хойш гаргаж ирсэн статистик тоо баримтыг нягтлан шалгах ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажлын үр дүнд нас баралтыг тоолох аргачлал буруу байсныг тогтоожээ.

Андын уулсын дунд орших Перу улсад хоёрдугаар сарын 9-нөөс коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн ч өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хүн амынхаа ердөө 5 хувийг эхний тунд хамруулаад байна.

 

Эх сурвалж: AFP