Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Европын холбоотнуудаа АНУ тагнаж чагнадаг гэсэн дуулиан дахин дэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

2012-2014 оны хооронд АНУ-ын тагнуулын байгууллага Дани улсын тусгай албадын тусламжтайгаар Европын орнуудын удирдагчдын утасны яриа, мессэжийг авч байсан гэх мэдээлэл Ням гарагт Данийн Danmarks Radio сувгаар цацагджээ.

Ингэхдээ Германы канцлерь Ангела Меркель болон Франц, Швед, Норвегийн өндөр албан тушаалтнуудын харилцаа холбоог тагнаж, чагнаж байсан гэнэ.

Үүнээс өмнө 2013 онд ийм дуулиан дэгдэхэд АНУ-ын зүгээс шууд няцааж байгаагүй юм. Энэ удаагийн мэдээллийг Данийн тагнуулын албаны нууц мэдээлэлд ханддаг байсан есөн эх сурвалж баталсан байна.

Тэдний мэдүүлснээр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг NSA (National Security Agency)-ын захиалгаар Данийн тагнуулын байгууллага FE (The Defence Intelligent Service) тус улсаар дамждаг холбооны шугамнаас Европын удирдагчдын утасны яриа, тэкст мессэжийг шүүж, цуглуулж өгдөг байжээ.

 Одоогоор АНУ болон Дани улсын засгийн газар уг мэдээллийн талаар тайлбар өгөөгүй байна.

2013 оны дуулианыг анх дэлгэж байсан АНУ-ын тагнуулын байгууллагын ажилтан асан Эдвард Сноуден твиттер хуудсандаа “Дани улс төдийгүй түүний том түнш энэ талаар мэдээллийг нийтэд ил болгох шаардлагатай” гэж бичжээ.

Тэр бас АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг өмнөх дуулианд гүнзгий холбогдсон хүн тул удахгүй Европт айлчлахдаа энэ тухай тайлбарлах бэлтгэлтэй байхыг зөвлөсөн байна.

2013 оны дуулиан дэгдэх үед Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.

Нууц мэдээллийг задруулсныхаа дараа Сноуден ОХУ-д дүрвэн амьдарч байгаа. Сноуденыг анх энэ тухай задруулахаас өмнө АНУ-ын тагнуулын албад хувь хүний утасны яриаг огт чагнадаггүй гэж мэдэгддэг байсан юм.

 

Эх сурвалж: BBC