Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд коронавирус аюулгүйг батлахын тулд камерны өмнө халдвар авах тухай ярьж байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны ахлах зөвлөх асан Доминик Каммингс цар тахлын эхэн үед экс босс нь ямар хариуцлагагүй хандаж байсныг хэвлэлд дэлгэрэнгүй ярьжээ.

Тус улс коронавирусийн цар тахлаар 128,000 орчим иргэнээ алдсан нь дэлхийн улс орнууд дотроос тавд жагсах муу үзүүлэлт юм.

2020 оны эхээр Борис Жонсон цар тахлын аюулыг үл ойшоож байсан нь олон мянган хүний амийг хөнөөхөд хүргэсэн гэж Каммингс ярьжээ.

Жонсон тухайн үед цар тахлыг гахайны ханиад мэтийн өвчин шиг Азид дэгдээд дарагдах зүйл, Британийн аралд хүрэхгүй гэж сайд нартаа итгэлтэй ярьж байсан гэнэ.

Тэр ч байтгугай олон нийтийн айдсыг дарахын тулд телевизийн камерны өмнө өөртөө коронавирус тариулж, зориуд халдвар авч үзүүлэх боломжийг эрүүл мэндийн сайдаасаа асууж байжээ.

Борис Жонсон сүүлд 2020 оны дөрөвдүгээр сард жинхнээсээ коронавирусийн халдвар авсан нь хүндэрч, олон хоног эрчимт эмчлилгээний тасагт хэвтээд эдгэрч байв.

Доминик Каммингс ерөнхий сайдтайгаа таарамжгүй болсны улмаас 2020 оны сүүлээр албан тушаалаасаа огцорч байсан юм.

Цар тахлын эхэн үед Британийн засгийн газар Азийн орнуудын туршлагаас суралцаж, хүнд суртлаас зайлсхийсэн бол олон мянган хүний амийг аварч болох байсныг тэр яриад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс уучлалт гуйсан байна.

2020 оны гуравдугаар сард Британийн засгийн газрын шинжлэх ухаан хариуцсан зөвлөх Патрик Валланс коронавирусийн халдвараар нас барах хүний тоог 20,000-д хязгаарлах боломжтойг мэдэгдэж байжээ.

Удалгүй эрх баригчид энэ тоог 50,000 болгон нэмэгдүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Их Британид 128,000 орчим хүн Covid-19 өвчнөөр бас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters