Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Саддамын дэглэм унаснаас хойш Ирак улс $150 тэрбумын газрын тосны орлогоо гадагш алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2003 онд АНУ тэргүүтэй холбоотнууд Саддам Хусайны дэглэмийг унагаснаас хойш Ирак улсын газрын тосны орлогоос $150 тэрбум орчим гадагш алдагдсан тухай тус улсын ерөнхийлөгч Бархам Салих өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Ням гарагт “Corrupt Funds Recovery Act” нэртэй авлигаар алдагдсан мөнгийг буцааж цуглуулах хуулийн төслийг Иракийн парламентад өргөн барьсныхаа дараа уг мэдэгдлийг хийсэн байна.

“Хуулийн төсөл нь авлигалаар гадагш алдагдсан мөнгийг буцааж цуглуулах, авлига авсан хүмүүсийг шүүхийн өмнө авчрах зорилготой” гэж Бархам Салих телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн юм.

Ирак улс хулгайд алдагдсан хөрөнгөө буцааж авахдаа гадаад орнуудын засгийн газрууд, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөжээ.

Салих хэлсэн үгэндээ авлигатай тэмцэх нь терроризмтэй тэмцэхээс дутахгүй хүнд хэцүү сорилт болохыг онцолсон байна.

Олон жилийн дайн самууны талбар, террористуудын үүр уурхай болсны эцэст эдийн засгийн гүн хямралд орсон Иракийн иргэд 2019 оноос хойш төрийн авлига, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахыг засгийн газраасаа шаардан тэмцсэний улмаас олон зуун хүн амиа алдсан юм.

Иракт энх тайван тогтоох тэмцэл сүүлчийн шатандаа орсон гэж үзээд АНУ цэргээ гаргаж, аюулгүй байдлыг засгийн газрын армид бүрэн хариуцуулахаар болоод байгаа.

Одоогоор АНУ-ын 2,500 орчим цэрэг Ирак дахь Исламын улс террорист байгууллагын үлдэгдлийг устгах ажиллагаанд оролцож байгаа. Тэд дайн тулаанд шууд оролцолгүй, Иракийн армийг сургах, зөвлөх үүрэг гүйцэтгэх болсон юм.

 

Эх сурвалж: CNN