Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван удаа санал хураалт явуулсан ч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль дэмжлэг авч чадсангүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Гишүүд асуулт асууж, үг хэлж, хэлэлцүүлэг өндөрлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахад “ээдрээтэй” асуудал үүсэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс цөөнгүй шүүмжлэл гарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хуульч бэлтгэх орой, эчнээ ангийг устгах хэрэгтэй. Хуульч болох гээд хошуураад байгаа хүмүүст чанаргүй боловсрол эзэмшүүлдэг явдлаа болимоор байна. Хүний хувь заяа шийддэг мэргэжил шүү дээ. Бакалавр суурьтай хүмүүсийг хуульчаар бэлтгэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хуульчдын холбоо бол олон нийтийн байгууллага. Дарга хэв шинж оруулахгүй гэдэг үүднээс ерөнхийлөгч нь хоёр жил тутамд шинэчлэгддэг. Гэтэл дөрвөн жил тутам шинэчлэгддэг болгосноор бүх эрх мэдлийг ерөнхийлөгчид төвлөрүүлэх гэж байна" хэмээсэн юм.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад нийт 63 гишүүн оролцсоноос 22 нь дэмжиж, 41 нь татгалзав.  Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Гэтэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал хураах программд өөрчлөлт орсныг зарим гишүүн мэдээгүй учир санал нь эсрэг гарсан. Тиймээс өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулж өгнө үү гэдэг горимын санал гаргав.

С.Бямбацогт гишүүний гаргасан буюу өмнөх санал хураалтыг хүчингүй болгохыг дэмжих гэдэг томъёоллоор дахин санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авч чадсангүй.

Уг санал хураалтыг хүчингүй болгон дахин санал хураалт явуулах саналыг Г.Мөнхцэцэг гишүүн гаргасан. Түүний гаргасан саналын дагуу гурав дахь удаагаа санал хураалт явуулсан ч өмнөхтэй адил олонхын дэмжлэг авч чадсангүй. 

Тийнхүү гурван удаагийн санал хураалтын дүнгээр хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан тул техникийн саатал гарсан гэдэг үндэслэлээр чуулганы нэгдсэн хуралдааныг тодорхойгүй хугацаагаар завсарлууллаа.