Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгох зарчмыг хатуу баримтлах нь зөв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах саналыг хэлэв.

Тэрбээр "Нийслэлийн эрх зүй, эдийн засаг бусад асуудлаар төрийн бодлого цогцоор нь гаргаж, дэмжих шаардлагатай болсон. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүний нөөцийн дутагдалд ордог. Нийслэлийн Засаг дарга хүний нөөцийг бэлтгэх, чадвартай хүмүүсээр төсөл хөтөлбөрүүдийг удирдуулах тал дээр сайн анхаарч ажиллах байх.

Гуравдугаар цахилгаан станцад тавдугаар эх үүсвэрийг барина гэж байна. Бусад эх үүсвэрүүдээ бодох хэрэгтэй. Дараагийн эх үүсвэрүүдээ аль болох хотын зах руу баримаар байна. Байгаа эх үүсвэрүүдээ өргөтгөсөөр байвал хотын төвлөрөл, дэд бүтцийн асуудлуудаас салахгүй. 

Богд хаан төмөр замтай холбоотой асуудлаар Багахангай дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Богд хаан төмөр замыг төлөвлөхдөө шууд Мааньтаар биш Багахангайгаар дайрч, төвлөрөх асуудалд анхаарах хэрэгтэй. Багануур, Багахангай дүүрэг төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн ам төвлөрсөн суурьшил бий болсон хот тосгон байхад түүнийг тойруулаад шууд Мааньт руу төмөр замыг татдаг нь буруу. Магадгүй зардал, техникийн хүндрэлтэй байж болно. Гэхдээ бидний зорилго бол хүн амдаа дэд бүтцийг хүргэх. Энэ зорилгоосоо ухарч болохгүй.

Эхний ээлжинд зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгоно гэдэг зарчмыг мөн хатуу баримтлах нь зөв" гэлээ.