Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Уртасгасан цагаар ажилласны улмаас жил бүр олон зуун мянган хүн амиа алдаж байгааг ДЭМБ анх удаа тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Уртасгасан цагаар ажиллах явдал дэлхий даяар жил бүр олон зуун мянган хүний амийг хөнөөдөг бөгөөд цаашдаа улам өсөх хандлагатай байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өнөөдөр анхааруулжээ.

ДЭМБ анх удаа уртасгасан ажлын цагтай холбоотой эндэгдлийн талаар явуулсан судалгааныхаа тайланг өнөөдөр “Environment International” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Уг тайланд өгүүлснээр 2016 онд дэлхий даяар 745,000 орчим хүн зүрх судасны өвчнөөр нас барсан нь уртасгасан цагаар ажилласантай холбоотой байжээ. Энэ нь 2000 оноос хойш 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм байна.

“Долоо хоног бүр 55-аас дээш цагаар ажиллах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг ажээ. Энэ судалгаагаараа бид ажилчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд илүү их анхаарал хандуулахыг зорьж байна“ гэж ДЭМБ-ын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн газрын захирал Мариа Нэйрагийн мэдэгдэлд дурджээ.

ДЭМБ энэхүү судалгаагаа International Labour Organization байгууллагатай хамтран явуулсан юм байна.

Хэт олон цагаар ажиллаад амиа алдсан хохирогчдын 72 хувь нь дундаас дээш насны эрэгтэйчүүд байжээ. Энэ насны бүлгийнхэн ажлын ачаалал даадаггүй гэсэн үг биш, харин олон жил уртасгасан цагаар ажилласны нөлөө насны сүүлд үхэлд хүргэдэг гэсэн үг юм байна.

Бүс нутгаар нь авч үзвэл Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийнхэн хамгийн их хохирчээ. Энэ бүсэд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсууд багтаж байна.

Цус харвалтаар нас барах эрсдэл долоо хоногт 55-аас дээш цагаар ажилладаг хүмүүст 35-40 цагаар ажилладаг хүмүүстэй харьцуулбал 35 хувиар өндөр байжээ.

Судалгаанд дэлхийн 194 орны 2000-2016 оны статистик мэдээллийг ашигласан байна. Коронавирусийн цар тахлын үед зайнаас ажиллах үзэгдэл нэмэгдсэн, эдийн засгийн хямрал нүүрлэсэн зэрэг шалтгаануудын улмаас хүмүүсийн ажлын ачаалал нэмэгдсэн нь нөхцөл байдлыг улам муутгах хандлагатай байгааг ДЭМБ-ын мэргэжилтэн Фрэнк Пега анхааруулжээ.

“Эдийн засгийн хямралын үед ажлын цагийг уртасгахгүй байх нь хамгийн ухаалаг шийдэл болно” гэж тэр хэлж байна.

 

Эх сурвалж: Reuters