Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Хотдоо Үйлчилье” хөдөлгөөн Монгол Улсад албан ёсоор эхэллээ

ikon.mn
2021 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

“Хотдоо Үйлчилье” (Serve the City International) бол тусламж хэрэгтэй хүмүүст сайхан сэтгэлээр туслах сайн дурынхны олон улсын хөдөлгөөн юм. “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөний алсын хараа нь сайн дурынханаар дамжуулан тусламж хэрэгтэй хүмүүст сайхан сэтгэлээр тусалснаар хүмүүсийн амьдрал болон хотууд өөрчлөгдөн шинэчлэгдэх явдал юм.

Энэхүү олон улсын хөдөлгөөн нь анх 2005 онд Бельгийн нийслэл Бруссель хотын иргэд цуглаж, хотынхоо төлөө сайн дураараа нэгдэж, сайн үйлсийн аян өрнүүлснээр эхэлсэн бөгөөд одоогоор дэлхий даяар нийт 65 хотод энэхүү хөдөлгөөн амжилттай явагдаж байна.

Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн хагас сайн өдөр бол “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөний хувьд Олон улсын сайн дурын өдөр (Global Volunteers Day) бөгөөд дэлхий даяар 20 гаруй орны 30 орчим хотууд энэ өдөр хотынхоо төлөө ямар нэг сайн, сайхан зүйлсийг нэгдэн хийдэг юм. Тухайлбал, 2020 онд Лима, Бруссель, Амстердам, Берлин, Ром, Найроби, Лисбон, АНУ-ын Twin Cities, South Jersey, Newport News, Парис, Дублин, Мадрид, Краков, Лондон, Женев, Катманду зэрэг хотууд энэхүү сайн дурын арга хэмжээнд оролцож байжээ. 

 

Энэ жилийн хувьд “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөн 2021 оны 5-р сарын 15-ны өдөр Үндэсний мод тарих өдрөөр албан ёсны нээлтээ хийж, хөдөлгөөнд сайн дураар нэгдсэн иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэйгээ ирж, гэр бүлийн нэрэмжит монос, өрөл зэрэг 60 орчим мод тарьж, эрүүл агаарт сайхан цагийг өнгөрүүлэн, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм. “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөн цаашдаа цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт төгөл байгуулж, цэцэрлэгжүүлэн тохижуулахаар төлөвлөж байна. “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөний нээлтийн үеэр хөдөлгөөнийг санаачлагч Г.Жавхлантөгс хэлэхдээ: “Хотынхоо болж бүтэхгүй байгаа асуудлуудыг зөвхөн шүүмжлэн буруутгах бус харин оронд нь хотынхоо төлөө өөрсдийн үйлсээрээ ямар нэг тустай, сайн, сайхан зүйлийг хамтдаа нэгдэн хийж, үлгэрлэх боломжийг энэхүү хөдөлгөөн олгож байгаа юм. Бид захиран тушааж, шүүмжлэх бус харин чин сэтгэлээсээ үйлчлэн манлайлах соёлыг хотынхоо иргэдийн дунд бүрдүүлэхийг зорино. Мөн хотынхоо өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай бодит ажил хэрэгч саналууд болон шийдлүүдийг санал болгож, хэрэгжүүлнэ.” гэлээ. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөнд нэгдсэн хүмүүст талархлаа илэрхийлж, өнөөдөр тарьсан моднуудыг ирэх 3 жилийн туршид хүрээлэнгийн ажилчид арчлан тордож, ургалтыг бүрэн хариуцахаа илэрхийллээ.     

Энэхүү мод тарих аянд хандив өргөж, бие сэтгэлээрээ оролцсон бүх хүмүүс, гэр бүлүүд, ялангуяа  Тэнгэр Даатгал ХХК, YMCA Монгол залуучуудын холбоо, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, “Хотын Хараа” чуулган, Хөдөлмөрийн Үндэсний Намын хамт олонд маш их баярлалаа. Бас маш өвөрмөц дизайнтай сайн чанарын анонс үнэгүй хэвлэж өгсөн New Press Printing ХХК-ийн залуусдаа баярлалаа. #ХотдооҮйлчилье #МодТарьцгаая #үндэсниймодтарихөдөр

 
 
 

Цаашдаа “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөний зүгээс хотынхоо өмнө тулгамдаж буй гол асуудлууд, тухайлбал, хог хаягдлыг ангилан ялгах, түгжрэл, ус, хөрсний бохирдлыг бууруулах талаар иргэдийн сайн дурын санаачлага дээр үндэслэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Хотдоо Үйлчилье” хөдөлгөөн нь ашгийн бус, сайн дурын хөдөлгөөн бөгөөд хотынхоо сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, тусламж хэрэгтэй нэгэндээ гараа сунгах боломж юм. Энэ бол хотынхоо төлөө зүрх нь цохилдог хүн бүрийн оролцох ёстой хөдөлгөөн юм. Тиймээс нийслэл Улаанбаатар хотынхоо унаган иргэдийг болон нийт ард иргэдээ энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

“Хотдоо Үйлчилье” хөдөлгөөнд нэгдэхийг хүсч буй хүмүүс Фэйсбүүк дээр “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөн Serve The City Mongolia movement цахим хуудас болон группт нэгдсэнээр энэхүү хөдөлгөөний талаар илүү мэдээлэл авах боломжтой. 

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Холбоо барих хаяг:

Цахим шуудангийн хаяг: javkhaa@servethecity.net

Фэйсбүүк хуудас: “Хотдоо Үйлчилье” хөдөлгөөн Serve The City Mongolia movement

ClubHouse: Хотдоо Үйлчилье Хөдөлгөөн

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.