Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын шатахуун түгээлтийн компани барьцаалагдсан хоолойгоо чөлөөлөхийн тулд хакеруудад $5 саяыг төлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын шатахуун түгээх дэд бүтцийн Colonial Pipeline компанийн сүлжээг хакерууд эзэлж, барьцаалсан юм.

Ингэснээр тус компанийн түгээгүүрийн хоолой хяналтаас гарч, АНУ-ын зүүн эргийн бүс нутагт шатахууны хомсдол үүсчээ. Colonial Pipeline нь 8,900 км урт хоолойг эзэмшдэг бөгөөд өдөрт 2.5 сая баррель шатахуун түгээдэг байна.

Үүний улмаас нэг галлон шатахууны үнэ дунджаар $3.008 хүрсэн нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээ болсныг Automobile Association of America байгууллага мэдэгдсэн юм. 

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден долоо хоногийн сүүлээр шатахууны нийлүүлэлт хэвийн түвшинд хүрэхийг мэдэгдэж, иргэдийг тайвшруулж байв. Үнэхээр Бямба гарагаас эхлэн Colonial Pipeline компанийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус компани түгээлтийн хоолойгоо барьцаанаас суллахын тулд DarkSide нэртэй хакерын бүлэгт $5 сая орчмыг төлсөн гэнэ.

Эхэндээ хакеруудад мөнгө төлөхгүй гэж мэдэгдэж байсан Colonial Pipeline хэрхэн хоолойгоо чөлөөлсөн талаар тайлбарлахаас татгалзжээ.

DarkSide нь Оросын хакеруудын бүлэг гэсэн мэдээлэл байна.

Сүүлийн жилүүдэд байгууллага, хувь хүмүүсийн компьютерийн системийг барьцаалж, мөнгө нэхдэг кибер гэмт хэрэг улам бүр нэмэгдэж байгаа. Ийм төрлийн гэмт хэргийг “ransomware” гэж нэрлэдэг.

Энэ удаагийн халдлагыг улс төрийн зорилготой байж болзошгүй гэсэн айдас үүсээд байв.

Харин DarkSide бүлэг өөрийн сайтдаа “Бидний зорилго бол нийгэмд аюул учруулах биш, зөвхөн мөнгө олох” гэж мэдэгдсэн байжээ.

 

Эх сурвалж: BBC