Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Израил улс Газын зурваст цэрэг орууллаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Йерусалем хотын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж, жүүд иргэдийг суурьшуулах болсноос үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн энэ долоо хоногт эрчимжиж байна.

Палестины захиргаанд байдаг Газын зурваст явган цэрэг оруулах шийдвэрээ Израилийн засгийн газар өнгөрсөн шөнө зарлажээ.

Ингэснээр Араб-Израилийн зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжиж байна.

Сүүлийн дөрвөн өдрийн турш Газын зурвасаас палестины Хамас зэвсэгт бүлэглэл пуужин харваж, Израилийн арми хариуд нь агаарын цохилт өгч байв. Лхагва гарагийн орой хөрш Ливан улсын нутаг дэвсгэрээс гурван пуужин харвасан нь Израилийн хойд эргээс холгүй Газар дундын тэнгист тусчээ.

Ингэснээр Ираны талыг баримтлагч Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэл Израилийн эсрэг хоёр дахь фронт үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.

Газын зурвасаас харвасан пуужингуудын зарим хэсэг Тел Авив хотын захад хүрч, араб, жүүд иргэд гудамж талбайд тулгарч, үймээн самуун дэгдээж байна.

Дэлхийн олон улс орны удирдагчид Израил, Палестины талуудад мөргөлдөөнөө зогсоохыг уриалжээ. Египет улс талуудын хооронд зуучлагчаар ажиллаж эхэлсэн ч үр дүн муутай байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд энэ долоо хоногт хоёр удаа хуралдсан ч нэгдсэн тогтоол гаргахад нь АНУ-ын засаг захиргаа саад хийжээ.

Израил улстай холбоотны харилцаатай АНУ ийм тогтоол үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа тул эсэргүүцсэн гэнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүн орон бүрэн санал нэгдэж байж тогтоол гаргадаг журамтай.

Хамас бүлэглэл пуужин харваж эхэлсэн Даваа гарагаас хойш Израилийн арми Газын зурвас дахь гурван өндөр барилгыг их бууны галаар нураасан байна. Эдгээр барилгуудад Хамасын албан байрууд байдаг гэж үзээд энгийн иргэдийг нүүлгэх урьдчилсан анхааруулга өгсний дараа гал нээжээ.

Палестины талаас мэдээлснээр 87 энгийн иргэн Израилийн армийн довтолгоонд амиа алдаж, 530 хүн шархдсан гэнэ. Амиа алдагсдын дотор 18 хүүхэд, найман эмэгтэй байсныг мэдээлжээ.

Хамас бүлэглэл өөрийнх нь 13 дайчин алагдсаны дотор нэг командлагч байсныг мэдээлсэн байна. Харин Израилийн тал исламист бүлэглэлийн илүү олон гишүүнийг устгасан гэж үзэж байна.

Израилийн талд долоон хүн амь үрэгдсэний дотор нэг цэрэг, нэг хүүхэд байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP