Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы замыг өргөтгөх бүтээн байгуулалтын явц

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм.

Хуучин замыг өргөтгөн шинэчлэх авто замын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ.

Үүнд:

  • I багц - Улаанбаатраас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
  • II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45,5 км,
  • III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45,74 км,
  • IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км,
  • V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм.

Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын авто зам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байна.

  • Нэгдүгээр багцын гүйцэтгэл 85.43%
  • Гуравдугаар багц 69.76%
  • Тавдугаар багц хэсэгт 70.46%-ийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд тус гурван багцын нийт 113.53км замаас 65.01 км-т хучилт хийгдэж, бусад хэсэгт гүүр, хоолой, газар шорооны ажил дуусч, суурь хучилтын ажил үлджээ.

Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долоодугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв.

Харин 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй.

Шинээр өргөтгөн барих хоёр эгнээ замыг Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр мөн л таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулан барилгын ажлыг 2021 оны 3 дугаар сард эхлүүлээд байна. Гэрээ ёсоор 24 сарын хугацаанд тус замыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой юм байна.