Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол хүний амь нас 1,390,000 төгрөгийн үнэтэй"

ikon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Эрт урьдын цагт энхэл донхол уул хадны дээр, элсэн цөл, говь хянганы дунд, ээрэм уудам энгүй талын тэртээд эрээвэр хураавар хүмүүс бүл болон энх тунх амьдардаг байжээ. Одоогоос тэс ондоо амьдрал тэгэхэд өрнөдөг байсан ч хүмүүсийн өдөр тутмын харилцаа бахь байдгаараа шахуу хадгалагдан иржээ. Хүн төрөлхтний сэтгэлгээ өөрчлөгдөхийн хэрээр техних технологийн дэвшил, шилжилт хөдөлгөөн, хөгжлийн хурд хүмүүний амьдралыг эрт балрынхтай жишихийн аргагүй өөрчилсөн ч тэдний амьдралаас хэзээ ч салгаж үл болох зүйлс гэж бий. Тэдгээр түлхүүр элементүүд дундаас хамгийн их ул мөрөө үлдээсэр ирсэн нь хүчирхийлэл юм.

Хүний сэтгэл хөдлөл, ашиг сонирхол, атаа жөтөө, хүчний төлөөх тэмцэл тэр ч бүү хэл хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдөл оршин буй цагт, нэг ёсондоо хүний оюун ухаан байсаар буй цагт хүчирхийлэл гэдэг хэзээ ч устан үгүй болж ор тас мартагдан үгүйрэх боломжгүй зүйл аж. Гагцхүү түүнд үе үеийн хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хэр хэмжээнд хүлцэж, хэдий хэрийг нь яаж ялладаг байсан нь чухал.

Балар эртний үед Түнхэлэг горхины хөвөөнд орших эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу иргэдийн дундаас хэн нь барьсан загасаа идэх вэ гэж маргаад нэгнийгээ жадлаад алчихвал тэнд тэдний гэм бурууг асуух гаргалгаа байгаагүй. Тэр үеэс жаахан наашлаад дипломат элч нарыг маань алж сахлыг нь шатааж доромжилсны төлөө "амийг амиар” гээд дайн тулаан хийдэг үе ч байв. Харьцангуй наахан үед төрийн удирдагч их хүмүүнийг маань харь улсын толгойлогчид нийслэлдээ урьж залаад хордуулж, өвдсөн нэрийдлээр олон сар хорьсоор "цааш нь харуулахад” “их гүрний дээрэнгүй бодлогыг яалтай” гээд дээшээ тэнгэр хараад гэдсээ илээд хэвтэж байсан түүх ч бидэнд бий. Өрөөлөөс ялгаагүй нэгэн улс төрчийн учир битүүлэг аллагыг хэдэн арван дамжин сунжруулж чоно туулай болж тоглоод үр дүнд нь дээдсийн үүрэгдсэнийг биелүүлж явсан хүмүүсийг “аавынд” суулгаж шийдсэн туршлага бас л Монголынх. Манайх шиг эрээвэр хураавар аргаар хүний алтан амийг авч одсон нэгнийг яллаж шийтгэж эсвэл өршөөн хэлтрүүлж, урамшуулан сайшаадаг байсан түүхийг даван туулсан улс цөөнгүй.

Эртний Ромын 12 хүснэгтийн хууль, шүүх тогтолцоо учраа олох аядаж байсан 11-р зууны Англи, нэг долларын дэвсгэрт дээр залаастай эрхмийн Үндсэн Хууль (The Constitution) зэрэг эдгээрийн аль ч үед хэрэгтэнд хариуцлага тооцох тогтолцоо учир дутагдалтай байсаар ирсэн. Японд хэдхэн зуун жилийн өмнө л гэхэд өшөө авалтыг хуулиар хүлээн зөвшөөрч хэрэгтнийг феодал ноёд яллахаа азнан, өшөө авсан талыг буруутан гэж үздэггүй байсан.

Энэ бүх цаг хугацааг даван туулсны хүчинд хүн төрөлхтөн өнөөдөр хэрэгтнийг шийтгэх асуудал дээр хоёр төрлийн аргачлалын алийг сонгох вэ гэдэг сонголтын өмнө ирээд байна. Харьцангуй консерватив үзэлтэй орнууд бусдын аминд хүрсэн хүнийг яллаж, залхаан цээрлүүлж, нийгмээс тусгаарлаж торны цаана ял эдлүүлэх замыг ашиглан нийгэмд хатуу үлгэр дуурайл үзүүлэх зарчмаар шийддэг. Зарим Исламын шашинт орнууд эртний Бабилонд мөрдөгдөж байсан Taлионы зарчим буюу "нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэх зарчмыг дагаж хохирогчийн амссан хохирлыг яг тэр чигээр нь хэрэгтэнд амсуулж гэмт хэргийг шийдсээр байна. Харин нөгөө хэсэг нь гэмт хэрэгтэн ч гэсэн хүн, жам ёсны эрхээ эдлэх ёстой гэдэг зарчмыг мөрдөн тэднийг хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээх, ял эдэлсний дараа эргээд нийгмийн нэг хэсэг болох, хамгийн чухал нь хохирогчийн хохирлыг барагдуулах боломжтой тогтолцоог бүрдүүлсэн байдаг.

Зөвхөн Бат амь насаараа хохирч буй асуудал биш, түүний ард хоцорсон гэр бүл нь амьдралаараа хохирно гэсэн үг.

Монгол Улсын иргэн Бат эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тэр бусдын санаатай болон санаандгүй үйлдлийн гайгаар алтан аминаасаа хагацлаа гэж төсөөлье. Энэ нь зөвхөн Батад хохирол учирсан гэсэн үг биш. Түүний ард өнчирч үлдсэн хүүхдүүдийн элэг бүтэн, хангалуун амьдрах эрх зөрчигдөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмнэ. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн Бат амь насаараа хохирч буй асуудал биш, түүний ард хоцорсон гэр бүл нь амьдралаараа хохирно гэсэн үг. Үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхлийг мэдэрдэг гэж энэ. Ийм учраас хоёр дахь тогтолцоо нь Монгол шиг өнчдөд зориулсан халамж дутуу үйлчилгээ дутуу, тэрэндээ мөнгө зарцуулах боломжгүй улсад хамгийн тохиромжтой тогтолцоо юм. Хэрэгтнээр хохирлыг барагдуулах даа хөрөнгийг хурааж авах, ял эдэлж байх хугацаанд нь болон дараа нь хөдөлмөр эрхлүүлж төлүүлнэ гэсэн үг.

Япон Улсад хохирол барагдуулах сан гэх боловсронгуй тогтолцоог хэрэгжүүлэгч сан бий. Тэндэхийн иргэд ямар нэг байдлаар гэмт хэргийн хохирогч боллоо гэхэд хохирлын мөнгийг тус сангаас нэн даруй гаргаж, хохирлыг барагдуулж, гэм хорыг арилгадаг. Улмаар сангаас зарцуулсан мөнгийг хохирогчоор аажимдаа төлүүлэх зарчмаар ажилласнаар хүнд суртал, зардал чирэгдэлгүйгээр хохирлыг бүрэн эсвэл боломжит хэмжээнд барагдуулдаг аж.

Монголын өнөөгийн үнэн төрх гэвэл нэг хүн бусдын гарт амиа алдлаа, шүүхээс ихэнхдээ оршуулгын зардлыг хохиролд тооцлоо, түүнийг нь хэрэгтнээр гаргуулсан боллоо, тэгээд л гүйцээ. Орчин цагт хүний амь оршуулгын зардалтай дүйцэхүйц үнэ цэнтэй гэж үү? Хүний амийг үнэлэх бодитой тогтолцоо бидэнд байхгүй юм чинь ийм хүнлэг бус нөхцөл үүсэх нь арга ч үгүй биз. Австрали улсад хэрэгждэг Хүний Амьдралын Статистик Үнэлэмж (Value of Statistical Life)-ийн тогтолцооны ёсоор нэг хүний дундаж амьдралын үнийг 2019 оны байдлаар 4.9 сая ам.доллар гэж тооцсон байна. Энэ дүнг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр үржүүлж тооцдог байна. Үүнийг Монголын хөрсөн дээр буулгавал нэг хүний амийг 150-350 сая төгрөгөөр үнэлэх боломжтой. Энэ тоог оршуулгын зардалд тооцож өгч буй 2.5-5 сая төгрөгтэй харьцуулахад тэнгэр газар шиг зөрүү гарч байгаагаас харахад манай тогтолцоонд реформ хийгдэх цаг болсон гэдэг нь бэлхнээ илт. Ядаж амь насаараа хохирсон иргэний хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын чадамж, цаашид өсөж дэвжих боломж, түүнээс хамааралтай гэр бүлийн гишүүдийн амьдралд гарах гэм хор зэргийг тооцож хохирлын хэмжээг тооцдог болох хэрэгтэй.

Нэгдсэн нэг тогтолцоо байхгүйн балгаар нэг хүний амийг хохирогчийн талаас нэхимжилсний дагуу 16,971,696 төгрөгийг нөхөн олгох шүүхийн тогтоол гарсан бол өөр нэгэн хэрэг дээр зөвхөн оршуулгын зардал гэж 1,390,000 төгрөгийг хэрэгтнээр төлүүлэхээр тогтоосон бодит тохиолдлууд байна.

Нэгдсэн нэг тогтолцоо байхгүйн балгаар нэг хүний амийг хохирогчийн талаас нэхимжилсний дагуу 16,971,696 төгрөгийг нөхөн олгох шүүхийн тогтоол гарсан бол өөр нэгэн хэрэг дээр зөвхөн оршуулгын зардал гэж 1,390,000 төгрөгийг хэрэгтнээр төлүүлэхээр тогтоосон бодит тохиолдлууд байна. Энэ мэтчилэн шүүх ч тэр, хохирогчийн ар гэр ч тэр хувийн үзэмжээр хохирлын хэмжээг нэхэмжилдэг, тогтоодог байдал хууль тогтоох байгууллага үүсч хөгжөөд зуун жилийн нүүрийг үзэх гэж байгаа манай улсад байж болох асуудал уу гэдэг тухай нухацтай бодолцох цаг нь болсон шиг санагдана.

Монголчууд “хүний амийг мөнгөөр үнэлэх”, “бусдын үхлээр мөнгө хийх, ашиг хонжоо хайх” гэх зэрэг сүржин, хийсвэр томъёололд сүжиггүйгээсээ болж хэрэгтнийг яллах, нэг ёсондоо өс хонзон хайсан байдалтайгаар "явдаг газарлуу нь явуулах"-аа урьтал болгосоор энэ улс шоронжиж дуусах нь ээ, та минь. Энэ асуудлыг сэтгүүлчид, хуульчид хөндөж ярьсаар олон жил өнгөрч буй ч бодитой үр дүнд хүрээгүй л явна. Хэрэгтэн ялаа эдэлж, “жангаа” идлээ гээд үхсэн хүн босоод ирэхгүй, үлдэгсдэд нь хүртээлгүй. Хүний алтан амийг юугаар ч үнэлсэн дүйцэхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ хүний жам ёсны эрх болох амьд явах эрхэнд халдчихаад байхад мөнгөөр дүйцүүлээд ч болтугай тодорхой хэмжээнд дөхөж очихуйцаар бодитой үнэлгээ хийж хохирлыг барагдуулах нь шударга ёс. Тиймээс хохирлыг барагдуулах, гэм хорыг арилгах нь манай шүүх тогтолцооны эн тэргүүний зорилго байх ёстой. Хохирогч төвтэй бус хохироогч төвтэй тогтолцооны горыг алсдаа бидний хэн нь ч аль ч талаас нь амсаж магадгүй гэдгийг дөжөрсөн ухаанаа сэрээн байж ойлгох хэрэгтэй.

Шүүх тогтолцоо нь хохирогч төвтэй болоод ирвэл гэмт хэрэгтнээр хохирлыг төлүүлж хариуд нь дээр дурдсанчлан хөдөлмөр эрхлэх, гэр бүлдээ туслалцаа үзүүлэх, ял эдэлсний дараа эргээд нийгмийн нэг хэсэг болох, хамгийн чухал нь хохирогчийн хохирлыг барагдуулах боломжтой нөхцөл бүрдэх юм.

Бид чинь шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хүнлэг, энэрэнгүй нийгмийг эх орондоо цогцлоон бий болгоно гэж Үндсэн Хуулиндаа тодоос тодоор тунхаглаагүй билүү? Тэгвэл яагаад бид шоронжсон, тэгш бус, эмх замбараагүй нийгэмрүү зүтгэсээр байна вэ?