Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад шилэн гүүр нурсны дараа 100 метрийн өндөрт дүүжлэгдсэн нэг жуулчныг эсэн мэнд буулгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хятадын зүүн хойд нутагт гэнэтийн хүчтэй салхины улмаас хавцал дээр байгуулсан шилэн гүүр эвдэрч, нэг эрэгтэй жуулчин 100 метрийн өндөрт хашлаганаас зүүгдэн амьд үлджээ.

Секундэд 40 метрийн хурдтай гэнэтийн хүчтэй салхи дэгдэхэд Лонжин хотын Пиян уулын хавцалд байдаг уг гүүрний хэд хэдэн шилэн хавтан хагарч нурсан байна. 

Хятадын сошиал орчинд тарсан гэрэл зурагт нэг эрэгтэй шилэн хавтангууд хагарч нурсан хэсэгт хашлаганаас зүүгдэж байгааг харуулжээ.

Вэйбо сүлжээнд нийтлэгдсэн уг зургийг 5.8 сая гаруй хүн үзсэн байна.

Агаарт дүүжлэгдсэн жуулчны биед ямар нэг гэмтэл учраагүй ч аварсны дараа эмнэлэгт хүргэж, тайвшруулах арга хэмжээ авчээ. 

Сүүлийн жилүүдэд Хятад даяар шилэн гүүр байгуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох явдал нэмэгдсэн. Эдгээрээс хамгийн алдартай нь Хунань мужийн Жаньжяже үндэсний дархан цаазат газарт оршдог 300 метрийн өндөрт, 430 метр урт сунасан гүүр юм.

Шилэн гүүрний тоо нэмэгдэхийг дагаад аюулгүй байдлын асуудал яригдах болжээ.

Орон нутгийн удирдлагууд одоо шилэн гүүрний стандартыг өндөрсгөж, газар хөдлөлтийн бүсэд байгуулахыг хориглох журам боловсруулж байгааг Хятадын төв хэвлэлд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC