Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Цар тахлын үед хүүхдийн эрх зөрчигдөж буй байдал болон гэр бүлийн хүчирхийлэл

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн хүрээнд "Зорилтот бүлгийн эрх" сэдвээр өнөөдөр ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул илтгэл тавьж тулгамдсан асуудлын талаар хөндлөө. 

Илтгэлд харуулснаар зорилтот бүлгийн эрхийн асуудалд зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогч хамгаалал хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх болон эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн асуудал хамруулсан байна.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж зэрэг нийт 72 төрлийн халамжийн үйлчилгээнд 2,553,972 хүн хамрагдсан өмнөх онтой харьцуулахад 7,7 хувиар өсжээ. 

Халамж олгож буй байдлыг харвал: 2020.04.01-2021.07.01

  • 0-18 насны хүүхдэд -тэтгэмж 100,000 төгрөг /тав дахин ихэссэн/
  • Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмж-288,000 төгрөг /100 төг /
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 288,000 төгрөг /100.0 төг/
  • Хүнсний эрхийн бичиг -хүүхэд 16,000 төгрөг, том хүн 32,000 төгрөг/ хоёр дахин

ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул "​Ердийн үед нийгмийн халамж авдаггүй, цар тахлын үед онцгой нөхцөл байдал үүссэн иргэд нийгмийн халамжаас орхигдсон. Мөн бүртгэлгүй, хаяг тодорхойгүй иргэд болон хүнсний тусламж үзүүлэх гэх мэт шат, шатны хяналт учир дутагдалтай байлаа. Жишээ нь ...Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нар хүнсний талоны тусламжийг хувьдаа авч буй эсэх талаар шалгалт хийхэд найман хэсгийн ахлагч өөрийн хаяг дээр хүнсний талон авч байжээ. Мөн тэдгээр хүмүүс коронавирусийн тусламжаас зайлшгүй авах иргэдийн судалгаанд хамрагдсан байсан. 

Халамжтай холбоотой асуудлын тухайд:

  • Нийслэлийн нийгмийн хамгааллын тусгай төвд, эр оронгүй, тэнэмэл 181 иргэнийг, түр хоноглох үйлчилгээ гэрээт зургаан төрийн бус байгууллагад 248 иргэнийг хуваарилж, нийт 428 иргэнийг түр хоноглох үйлчилгээнд хамруулжээ. Гэвч үүлдсэн иргэдийн асуудал тодорхойгүй байна.
  • Бүртгэлд хамрагдаагүй орон гэргүй иргэд орхигдсон.
  • Улаанбаатар хотод гацсан 200 гаруй иргэн байна.
  • Түрээсийн байранд цар тахлаас болж гэр оронгүй болсон иргэдийн асуудал тодорхойгүй байна.
  • Оюутнууд, ЛБГТ хүмүүсийн асуудал байна" гэв. 

Хатуу хөл хорио тогтоосон 2020 оны 11, 12 дугаар сард нийт таван хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан харамсалтай мэдээ байна. 

Гэр бүлийн хүчирхийллийг тойрсон тоо баримтаас харвал: 

  • 2020 онд 10,306 зөрчил бүртгэгдсэн нь 15 хувиар өссөн
  • 2020 онд гэмт хэрэг 1,138 болж 15.5 хувиар өссөн
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан хүний тоо  2019 онд найм байсан бол 2020 онд 18 болж нэмэгдсэн.
  • 2020 онд 953 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.2% өссөн
  • Иргэдэд 928.3 сая төгрөгийн хохирол учирсан нь өнгөрсөн оны мөн үеэс 54.7%-аар өссөн" гэв. 
"Нэг цэгийн үйлчилгээний байран дахь хүүхдүүдийг уйлуулан барин тусгаарлах байр болгосон"

Түүнчлэн 21 аймаг, есөн дүүргийн сум хорооны хамтарсан багийн 486 нийгмийн ажилтнаас тулгамдсан асуудлын талаар санал асуулга авч нэгтгэсэн нь тус илтгэлийн онцлох хэсэг байлаа.

Тодруулбал, эрсдэлтэй, хохирч болзошгүй иргэдэд хөл хорионы үед шаардлага гарвал хэрхэн тусламж үйлчилгээ авах талаар урьдчилан зөвлөмж заавар өгсөн эсэхийг тодруулахад,

  • 49.7% нь огт өгч чадаагүй
  • 10.3% хувь нь чадсан
  • 40% нь хувь нь зарим тохиолдолд чадсан хэмээн хариулжээ.

Нийгмийн ажилтнуудын хэлж буйгаар "Хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх ажил хангалтгүй байсан. Цар тахлын үед хамгаалах хувцас, хэрэгсэл хангалтгүй, ажиллах газрын жагсаалтад ороогүйгээс болж цагдаа явуулаагүй. Мөн энэ чиглэлийн хүмүүсийг өөр ажилд дайчилдаг, нэг цэгийн үйлчилгээний байран дахь хүүхдүүдийг уйлуулан барин тусгаарлах байр болгосон" гэжээ.

УОК-оос гаргасан шийдвэр нь жендэрийн мэдрэмжгүй, ажлын зааварчилгаа, мэдээлэл дутмаг, хязгаарлалтын арга хэмжээний үед нэгдсэн удирдамж байхгүй байсан. Жишээ нь хамгаалах байрны ажилтантай хийсэн ярилцлагаас дурдвал PCR шинжилгээ өгөөгүй хүнийг авахгүй байгаа. Шинжилгээ өгөөгүй хүнийг хүлээгээд авлаа гэхэд хамгаалах байранд байрлаж байгаа хүмүүс эрсдэлд орно. Дээрээс нь байранд ажиллаж байгаа ажилтнуудад эрсдэл учирна. Гэтэл хэзээ, хаана шинжилгээ хийх нь тодорхойгүй мэдээлэл дутмаг байсныг ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул илтгэлдээ дурдсан юм. 

Улсын хэмжээнд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр:

  • 2020 онд нийт 2,147 хүүхэд
  • 2021 оны эхний 2 дугаар сард нийт 541 хүүхэд үйлчлүүлжээ.
  • 2020 оны нэгдүгээр улиралд 555 хүүхэд
  • 2021 оны нэг болон хоёр дугаар сард нийт 541 хүүхэд үйлчлүүлжээ. 

2020 онд нийт 2,147 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан байдлыг зөрчлөөр нь задлан харвал: 

  • 877 буюу 40 хувь нь үл хайхрах хүчирхийлэл
  • 478 буюу 22 хувь нь бие махбодын хүчирхийлэл
  • 203 буюу 17 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэл
  • Хараа хяналтгүй 253 хүүхэд
  • Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 150 хүүхэд
  • Гуйлга гуйсан 22 хүүхэд
  • Амиа хорлох оролдлого хийсэн 10 хүүхдийн зөрчил бүртгэгдсэн аж. 

Энэ бүгдээс харвал хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Мөн хүүхдийн интернэт хэрэглээ эрс ихэссэн нь цахим орчинд хувийн мэдээллээ алдах, дарамтад өртөх эрсдэлийг бий болгосон. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчдэд хувийн ариутгалын хэрэгсэл дутмаг, унааны болон утсаар харилцах төсөв байхгүй, онцгой нөхцөл байдалд үйлчилгээ үзүүлэх арга зүй дутмаг байсан. Түүнчлэн хүүхдэд чиглэсэн хамгаалал, халамж, үйлчилгээний үйлчилгээ байхгүй буюу тасалдсан, үйл ажиллагаа доголдсон гэдгийг Х.Мөнхзул мөн хэллээ. 

Иймд Зорилтот бүлгийн эрхийг хамгаалахаар ХЭҮК-оос УИХ-аар шийдвэр гаргуулахаар дараах НАЙМАН саналыг өгчээ. 

  1. Цар тахлын улмаас наад захын тусламж үйлчилгээ шаардлагатай болсон иргэдийг нарийвчлан тодорхойлж, хүнсний болон бусад халамж үйлчилгээнд хамруулах;
  2. Оршин суугаа хаягийн бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлж, нийгмийн халамж үйлчилгээг шаардлагатай бүлэгт тусламж үйлчилгээг хүргэх;
  3. Нийгмийн халамжийн үйлчилгээний хяналтын тогтолцоог бүх шатанд сайжруулах, нийгмийн халамжийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдлыг хангах;
  4. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг идэвхжүүлэх, санхүүжилтийг зүй зохистой хуваарилах зорилтод бүлэгт чиглүүлэх;
  5. Цар тахлын нөхцөл байдалд үндэслэн хүүхэд хамгааллын хяналт, мониторинг тогтмол хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
  6. Хүүхдийн ашиглаж буй цахим хэрэгсэл, электрон төхөөрөмжүүд нь аюулгүй байдал, хувийн нууцлал, хүүхдэд зориулсан нэмэлт цэс зэргээр хүүхэд хамгааллын тохиргоотой байх, хэрэглэгчийн болон хяналтын аргачлал, зааварчилгаатай болгох ажлыг зохион байгуулах;
  7. Цар тахлын үед тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаа онцгой байдлын, цагдаагийн, эрүүл мэндийн, мэргэжлийн хяналт, гэр бүл, хүүхэд, залуучуудын зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын албан хаагчдын хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох, үл хайхрах байдалд өртөхөөс сэргийлэх, 2-14 хүртэлх насны хүүхдийг 24 цагийн цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх ангид хичээллүүлэх зохицуулалт хийх;
  8. 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны зэрэг ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ял эдэлсэн хугацаа, ялтны хувийн байдал зэргийг харгалзан өршөөл үзүүлэх;