Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтайсайхан: Хордлого болон халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

АШУҮИС-ийн төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор профессор Х.Алтайсайхан чихрийн шижинтэй хүмүүс коронавирусийн халдварын үед яах ёстой, вакцинд хамрагдах боломжтой эсэх талаар зөвлөгөө өглөө.

"Чихрийн шижин нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр бодисын солилцоо хямарч, олон эрхтэн системийн талаас хүндрэл гардаг өвчин юм. Гол нь зүрх, судсаар хүндэрдэг.

Коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийн тоо баримтаас харахад хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо нэмэгдэж, нас баралт өндөр байна.

Зүрх, бөөрний дутагдалтай, чихрийн шижинтэй, уушгины архаг өвчтэй хүмүүс хүндэрч байна. Иймд архаг өвчтэй хүмүүсийг хянаж, хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг авч байна.

Чихрийн шижинтэй хүн коронавирусийн халдвар тусвал ямар эрсдэлтэй вэ

Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг. Ингэснээр сахарын хүндрэлээр нас барах эрсдэл байна. Комд орох болон олон эрхтний системийн дутагдалд орох аюултай. Хоёрдугаарт Ковид өвчин хүнд хэлбэртэй учир ийм хоёр чиглэлийн хүндрэл байна.

Суурь, архаг өвчтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээг өглөө өлөн үедээ, орой унтахын өмнө өдөрт хоёр удаа үзэж байх нь зүйтэй.

Цусны сахарын хэмжээ 15 ммолиос дээш болбол яаралтай эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг 4 цаг тутамд түргэвчилсэн оношлуураар хянаж байх ёстой. Эмчлүүлж буй хүмүүст хэрхэн хяналт тавих сургалтыг эмч нарт өгч байна.

Зорилтот түвшин гэж байдаг. Цусан дахь сахарын хэмжээ 6-10 ммоль байхаар зорилтот түвшин гээд тухайн хүний өвчилсөн жил, сахарын хэмжээ шээсэн дэх кетоны хэмжээнээс хамаараад харилцан адилгүй тогтоодог. Чихрийн шижин өвчтэй хүмүүс дотоод шүүрлийн эмчийн хяналтад байж, зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Чихрийн шижинтэй хүмүүс тогтмол цагт хоол идэж, өдөрт хоёр удаа сахарын хэмжээгээ үзэж байхыг зөвлөе. Сахарын хэмжээг богино хугацаанд гаргадаг түргэвчилсэн оношлуур бий. Өндөгнөөс цусны дээж аваад үздэг.

Сахарын хэмжээ 15 ммолиос дээш байвал яаралтай эмнэлэгт хандана

Сахарын хэмжээ 15 ммолиос дээш байвал яаралтай эмнэлэгт хандана. 10-15 ммолийн хооронд байвал өдөрт 4 цаг тутамд сахарын хэмжээгээ үзнэ. 

Шээсний кетон гэдэг нь уургийн бодисын солилцооны хямрал. Хурдан хугацаанд бөөрний дутагдалд орох, зүрх, судасны хүндрэлээр нас барах эрсдэлийг үзүүлдэг үзүүлэлт. Туузан оношлуураар шээсний кетоныг хэмждэг. Уг оношлуурыг шээсэнд дүрж үзнэ. 1+, 2+тэй байвал яаралтай эмнэлэгт хандана. Хоёр цаг тутамд 120-180 мл бүлээн ус ууж байх хэрэгтэй.

Коронавирусийн халдвар авсан чихрийн шижинтэй хүмүүст ядарч, сульдах шинж тэмдэг их илэрч байна.

Булчинг ажиллагаатай байлгахын тулд босож, суух, хана түшиж зогсох зэрэг дасгал хөдөлгөөнийг хийж байх нь зүйтэй. Ядарч байна гээд хэвтээд байвал улам ядарна.

Вакцин коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга. Вакциндаа хамрагдах нь чухал. Янз бүрийн хариу урвал үзүүлэх гэж нөлөө бий. Энэ нь тухайн хүний бие организмаас шалтгаална" хэмээн зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.