Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийн талаар хараат бус, хуульч бус, иргэний нийгмийн залуус байр сууриа илэрхийлж байна

ikon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2021 оны 4-р сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэд: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын  үндсэн  дээр  Улсын  Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэжээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэс эхлэн идэвхтэй байр сууриа илэрхийлж, Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоо чухал болохыг онцолж байсан залуус Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ), Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж, иргэдийн оролцоог хангахаар болсонд туйлын талархалтай хандаж, иргэдийн оролцоог хангах чиглэлд сайн дурын үндсэн дээр иргэдэд зориулсан мэдээлэл боловсруулан ажиллаж байсан билээ. Тэд бол хараат бус, хуульч биш, жирийн иргэдийн төлөөлөл болсон иргэний нийгмийн залуус юм. Ингээд залуусын байр суурийг хүргэе.



Т.Амарзаяа: Дээрх үндсэн хууль зөрчсөн гэж үзээд буй заалтууд нь Шүүхийн тухай хуулийн амин сүнс болсон хамгийн чухал заалтууд гэж би хувьдаа бодож байна. Шүүхийн салбарын өмнө тулгамдаад буй нэг институцаас хэт хараат байдлыг өөрчилж, иргэдэд ил тод, иргэдийн оролцоо, хяналттайгаар ажиллах нөхцөлийг ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үйл явц бүрдүүлэх байсан юм. Цэцийн дүгнэлт болон үндэслэл нь “УИХ-д томилох эрхийг өгч байгаа нь хараат байдлыг бий болгож байна”  гэж ойлгогдсон. Гэтэл сонгон шалгаруулах үйл явцыг бүхэлд нь харвал хараат бус ажлын хэсэг ажиллаж, бүхий л үйл явц иргэдийн нүдэнд ил тод, оролцоотой явсаар хамгийн сүүлийн мөчид УИХ-ын нээлттэй сонсголоор томилгоо хийгдэж байгааг харж болно. УИХ бол олон намын төлөөлөлтэй, жинхэнэ утгаар ард түмнээс сонгогдсон ард түмний төлөөлөл учир нэг институцаас хараат болгож байна гэж харахад энэ үндэслэл “бай”-гаа олоогүй мэт санагдаж байна. Иймд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас дунд суудлын хуралдааны дүгнэлтийг дэмжсэн шийдвэр гарахгүй байх гэж итгэж, найдаж байна. 

Б.Батчимэг: Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлтийг дагавал Шүүхийн тухай хуулийн гол заалтууд болох ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг нээлттэй, олон нийтийн оролцоотой сонгох гэсэн чухал үйл явцад УХРАЛТ гарна гэж харж байна. Тийм болохоор хэн нэгэн хүн өөрийн хувь улс төрийн тоглоомд шүүхийн тухай асуудлыг битгий ашиглаасай гэж хүсэж байна. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар мөн адил Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн ч өмнөх шиг томилгооны эрхийг ганцхан хүн шийддэг нөхцөл рүү оруулахгүй учир одоо амжилттай яваа нээлттэй, ил тод томилгоог үргэлжлүүлж, анхны жишгийг зөв тавихад анхаарлаа хандуулах нь зөв гэж бодож байна.

Л.Анударь: ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг томилохдоо нээлттэй сонсгол явуулж, үүнийгээ олон нийтэд таниулж явах нь маш сайн жишиг гэж харж байсан. Яагаад гэвэл иргэн хүнийхээ хувьд шинээр батлагдсан хуулийн дагуу нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, судалж байхад шийдвэр гаргах үйл явцад бодитоор оролцож буй мэт мэдрэмж төрж байсан юм. Үндсэн хуулийг зөрчсөн гэх заалт, үндэслэлтэй танилцсан, нөгөө талаас Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн гаргасан үндэслэлтэй ч танилцсан. Хараат бусаар хоёр талын байр суурь, үндэслэлтэй танилцсан иргэн хүний хувьд хамгийн хэрэгтэй гэж олзуурхаж байсан заалтуудад өөрчлөлт битгий ороосой хэмээн хүсэж байна. Монголд хэрэгжиж байсан нээлттэй сонгон шалгаруулалт, томилгооны сонсголын өмнөх жишгийг илүү сайжруулж, санал өгөх, шаардлага тавих боломжуудыг нарийвчлан зааж өгсөн нь маш том давуу тал гэж харж байна.

Б.Ихтамир: Шүүх хэрвээ хараат бус, бие даасан байдлаа алдвал хамгийн их хохирол амсаж, эрх, эрх чөлөө, амьдралын үнэт чанараа алдах бүлэг нь эмзэг бүлгийн иргэд байдаг. ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах, томилох процесс бол хамтын сайн сайхан байдалд хүрэхийн тулд шүүхийн өмнө бүх хүн эрх тэгш байх, ардчилсан нийгмийн тулгуур зарчим болох иргэдийн оролцоо, хяналтыг хангах чухал амжилт болж байна гэж харж байлаа. Гэтэл Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлт нь хариуцлагатай, хяналттай, харилцан ярилцаж, хариу үйлдэл үзүүлж чаддаг иргэн-төрийн харилцааг хөгжүүлэхэд боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байх төрийн тэргүүний үүргээ умартсан зүйл боллоо гэж харж байна.

Ц.Бодьцэцэг: 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд удаагүй байхад Үндсэн хуулийн Цэц дөрөвдүгээр сарын 28-нд дунд суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт нь үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх гэдэг зөвхөн хуульчидтай холбоотой байгууллага биш, харин бүх иргэнд хамаатай учраас хараат бус, нээлттэй, олон талын төлөөлөлтэй байх шаардлагатай байна. Энэ шаардлагыг ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үйл явц биелүүлнэ гэж итгэж байна. Иймд иргэдийн оролцоог хязгаарласан шийдвэр бүү гараасай гэж л бодож байна даа.

З.Энхбаяр: Аль нэг улс төрч, улс төрийн нам эвслийн эрх ашгийн төлөө хуулийн өнцгийг өөрчлөн тайлбарлаж, үүгээр дамжуулан иргэдийн тархийг угаадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй гэж иргэн хүнийхээ хувьд боддог. Энэ удаагийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр болоод Ерөнхийлөгчийн хүсэлт зэргээс ажиглахад өмнө нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ нь олонхийн саналаар хамгийн урт удаан цагаар хуралдаж баталчхаад, Ерөнхийлөгч нь ч соёрхон баталчихсан хуулиа хагас жил ч хүрэхгүй хугацааны дараа болохгүй бүтэхгүй Үндсэн хууль зөрчлөө гээд маргалдаад байгаа нь яг ямар ашиг сонирхол вэ? гэж асуумаар санагдах юм. Иймд олон нийтийн эрх ашгийн төлөө, өөрийн мэргэжлийн ёс зүйгээр иргэдэд ойлгомжтой байдлаар гарч ирж зоригтойгоор дуугардаг, тайлбарладаг, эрсдэлийг ойлгуулдаг хуульчдын хамгаалалт нийгэмд хэрэгтэй байна. Үүнийгээ ч иргэд бид өөрсдөө хуульчдаас хүсэн хүлээдэг туршлагыг бий болгомоор санагдах юм. Эцэст нь цэцийн дүгнэлтийн талаар салбарын нэг хүн нь “Зөвхөн нэг талын буюу Ерөнхийлөгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарт тулгуурлан Цэцийн дүгнэлт гарсан гэж харагдаж байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн байсантай санал нэг байгаа шүү.