Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Эрх барьж байгаа намд коммунист намын үүр уурхай байсаар байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзан байр суурийг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Бид нэг намын юм уу нэг хүний төлөө өлсгөлөн зарлаагүй. Монгол орон ардчиллаас ухарлаа. Эхний ээлжид Үндсэн хуулийг ашиглаад Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхийг хязгаарласан. Дараагийн удаад хамгийн хүчтэй өрсөлдөгч С.Ганбаатар гишүүнийг намгүй болгосон.

180 мянган хүнийг төлөөлсөн Ардчилсан нам дотроо сунгаагаа явуулаад, Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр болоход яагаад тэгш бус байдал үүсэж байгаа юм бэ? МАН-ынхан өлсгөлөн зарлахаар гэр барьдаг, АН-ын гишүүдэд болохоор дэвсэх юм ч олдохгүй байх нь хүний эрх мөн үү? МАН-ын жирийн гишүүд талон авдаг, Ардчилсан намын гишүүд хоолны талон авдаггүй. Энэ тэгш эрх мөн үү? Яагаад хэнийг ч оруулахгүй, биднийг олон цагдаа тойрч байгаа юм бэ? Энэ асуудлыг төрийн тэргүүний хувьд анхааралдаа аваач гэж хүсэж байна" гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр өглөө би ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Намын тамгыг хуурамчаар үйлдсэн баримтыг үзүүлсэн. Тамга хуурамчаар хийсэн үйлдэлд нааштай хариу ирэх болов уу гэж хүлээж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар овоохой шийдэж өгөөгүй юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар их гэгээн бодолтой байв.

Долоон минутад түүхт хуулийг баталлаа. Та бүхний ярьж байгаа асуудлууд Монголын ирээдүйн ардчиллын төлөө зүйл мөн. Эрх барьж байгаа намд коммунист намын үүр уурхай байсаар байна" гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Хуульч О.Алтангэрэл "2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр долоон минутад баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.

УИХ-ын тухай хуулийн 5.4-т Ерөнхийлөгч хуульд хориг тавьсан бол уг хуулийн үйлчлэх хугацаа давхацсан бол энэ хуулийн үйлчлэх хугацаа зогсоно гэж заасан. Тэгэхээр энэ хуулийн үйлчлэл зогссон. Сонгуулийн ерөнхий хороо үйлчлэхгүй болсон хуулиар С.Эрдэнэ гэдэг хүнийг бүртгэж байна. Зарим хуульч хүмүүс ирэх жилээс хуулийн сургуульд элсэлт аваад хэрэггүй гэж ярьж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсад хууль гэж алга" гэлээ.