Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад буй.

Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвслээс ХЗДХ-ийн сайд Х.НямбаатарЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүлэхээр болжээ.

Уг шаардлагад,

"Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим объект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал өнөөдөр дахин давтагдлаа.

Энэ нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхэд хууль бусаар халдсан, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан үүнийгээ хүчээр хэрэгжүүлэх гэсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хуулиар эдгээр эрх, эрх чөлөөг иргэндээ баталгаатай эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн байдгийг сануулж, төр энэхүү үүргээ биелүүлэхийн тулд юуны өмнө иргэдийн үнэнийг мэдэх эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлчдийг мэргэжлийн ажиллагаагаа саадгүй явуулах боломж, бололцоогоор хангахыг Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас шаардаж байна.

Улс төрийн сонгууль дөхсөн, иргэд эрхээ хязгаарлуулан хөл хоригдсон хатуу дэглэм бүхий цаг үед иргэдийн мэдээ, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хаан боогдуулж, үүнийг сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, эрх чөлөөнд нь халдах замаар цагдаа хүчний байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаа нь нийгэмд бухимдал, талцал үүсгэх таагүй үр дагавартайг хатуу сануулъя.

МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагын хувьд гишүүдийнхээ хууль ёсны эрх, хэвлэлийн эрх, эрх чөлөөний талд тууштай зогсохоо мэдэгдэн хүчний байгууллагаас дээрх үйлдлээ дахин давтахгүйг шаардаж байна" гэсэн байна.