Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д боолчлогдож байсан африк гаралтай эр хагас саяын нөхөн төлбөр авахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Орчин үед хүнийг боолчилж, хөдөлмөрийг нь мөлжиж байсан этгээдийн давж заалдах шатны шүүх хурал саяхан АНУ-ын Өмнөд Каролина мужид болжээ.

Тус мужийн Конвэй хотын нэгэн рестораны менежэр 56 настай Бобби Пол Эдвардс хэмээх цагаан арьст эрэгтэй оюуны хомсдолтой, африк гаралтай эрэгтэй Жон Кристофер Смитийг таван жилийн хугацаанд тогоочоор цалин хөлсгүй албадан ажиллуулсан юм байна.

Бусдыг боолчилж байсан нь илэрсний дараа Эдвардс 2019 онд 10 жилийн хорих ял сонсож, Смитийг 2009-2014 онуудад боолчилсны нөхөн төлбөрт $273,000-ыг төлөх шүүхийн шийдвэр гарч байжээ.

Энэ удаа шийтгэлээ хөнгөлүүлэхээр давж заалдсан ч шүүх эсрэгээрээ нөхөн төлбөрийн хэмжээг нь хоёр дахин өсгөж, $546,000 болгосон байна.

Смитийн хохирлыг барагдуулалгүй удаасны улмаас нөхөн төлбөрийн хэмжээг ийнхүү өсгөх болсноо шүүх тайлбарлажээ. Үүнд Смитийн авах ёстой цалин, илүү цагийн хөлс, сэтгэл санааны хохирлыг тооцсон байна.

Хохирогч нь 12 настайгаасаа эхлэн Конвэй хотын J&J Cafeteria ресторанд ажиллажээ. 2009 онд Эдвардс уг рестораныг хамаатнуудаасаа авснаас хойш Смитийг ямар ч амралтгүй, долоо хоногт 100 цагаар ажиллуулж эхэлсэн байна.

Ингэхдээ Смитийг гэр бүлээс нь тусгаарлан хорьж, байнга зодож, харааж загнадаг байсныг гэрчүүд мэдүүлсэн юм.

“Бобби дуртай үедээ намайг алж чадах байсан тул би түүнээс үргэлж айдаг байсан. Тэндээс би яаж зугтахаа мэддэггүй байлаа” гэж Смит шүүх хурлын үеэр ярьж байжээ.

Эцэст нь Эдвардс Смитийг яаж зовоодог тухай тус ресторанд ажилладаг бэрээсээ сонссон эмэгтэй 2014 онд цагдаад мэдэгдсэнээр уг хэрэг илэрсэн юм байна.

“АНУ-ын шүүх бусдыг боолчлох, хөдөлмөрийг нь мөлжих явдлыг тэвчих ёсгүй. Сонор сэрэмжтэй иргэн, хууль сахиулах байгууллагын хамтрагчдынхаа тусламжтай энэхүү харгис балмад явдлыг илрүүлж зогсоосондоо баяртай байна” гэж Өмнөд Каролина мужийн шүүгч Шэрри Лидоны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian