Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт байгаа иргэдээ ирэхийг хориглосон Австралийн засгийн газар “арьс өнгөний үзэлтэй” хэмээн шүүмжлүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Австралийн засгийн газар энэ долоо хоногоос эхлэн Энэтхэгт байгаа иргэдээ буцаж ирэхийг хориглож, ирвэл хуулийн хатуу шийтгэл оноохоор болсон билээ.

Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн юм. Сүүлийн 14 хоногийн хугацаанд Энэтхэгт байсан Австралийн иргэд эх орондоо буцаж ирвэл 66,000 австрали долларын торгууль хүлээлгэх, тав хүртэл жил шоронд хорих, эсвэл дээрх хоёр шийтгэлийг давхар оноохоор болсон билээ.

Хориг тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цааш сунгагдах боломжтой юм.

Засгийн газрын авсан хатуу арга хэмжээ нь Австралийн нийгэмд маргаан, шүүмжлэл үүсгээд байна. Энэ нь тус улсын түүхэнд анх удаа иргэдээ гадаадаас буцаж ирэхийг хориглосон шийдвэр болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

АНУ, Их Британи зэрэг өрнөдийн аль ч улс орон цар тахлын үед ийм хатуу арга хэмжээ авч байгаагүй.

Шийдвэрийг Австралийн энэтхэг гаралтай иргэдийн нийгэмлэг, хүний эрхийн байгууллагууд хүчтэй шүүмжилж байна.

Даваа гарагт тус улсын нэрт сэтгүүлч Эндрью Болт сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ засгийн газрын хоригийг арьс өнгөний үзлийн илрэл гэж нэрлэжээ.

 “Жишээ нь Англиас ирэх цагаан арьст Австраличуудад засгийн газар ийм хориг тавина гэдэгт би итгэхгүй” гэж тэр бичсэн байна. Энэтхэгт байгаа 9,000 орчим Австралийн иргэний багагүй хэсэг нь энэтхэг гаралтай хүмүүс гэдэг нь тодорхой байгаа.

Австралийн Хүний Эрхийн Комисс гаргасан мэдэгдэлдээ засгийн газрын тавьсан хоригийг “хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг” гэж нэрлээд дахин хянаж үзэхийг сенатад уриалжээ.

Гэвч Австралийн засгийн газар шийдвэрээ хамгаалсаар байна. Даваа гарагт радио нэвтрүүлэгт оролцохдоо Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон тус улсын тусгаарлах системийн ачааллыг огцом нэмэгдүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авч, нийт иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаас өөр аргагүйг тайлбарлажээ.

Ням гарагт тус улсын гадаад хэргийн сайд Мэрис Пэйн хэлэхдээ шинэ хориг нь арьс өнгөний үзэлтэй холбоогүй, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөмж дээр үндэслэснийг тайлбарласан байна.

Түүний мэдээлснээр өнөөдөр Австралийн тусгаарлах байруудад илэрсэн нийт халдварын тохиолдлын 57 хувь нь Энэтхэгээс гаралтайг тогтоосон гэнэ.

 

Эх сурвалж: CNN