Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өлсгөлөнгөө зогсоосны дараах Алексей Навальныйг анх удаа харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өөрт нь тулгасан бусдын нэр хүндэд халдсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцжээ.

Тэрбээр одоо шоронд хоригдож байгаа бөгөөд 24 хоног өлсгөлөн зарласныхаа дараа анх удаа олон нийтийн нүдэнд ил гарч байгаа юм.

Шүүх танхимаас үзүүлсэн видео дүрснээс харвал Навальный маш их турж эцсэн байна.

“Би араг яс шиг болсон. Долдугаар ангид байхдаа л ийм жинтэй байсан байх” гэж Навальный шүүхийн танхимд байхдаа ярьжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дахин сонгогдох боломжийг нээх үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж телевизээр ярьсан дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчны нэр хүндэд халдсан гэж үзээд шүүх энэ оны хоёрдугаар сард Навальныйд 850,000 рублийн торгууль оноож байв.

Өчигдөр болсон шүүх хурлаар Навальный ялагдаж, торгуулийг төлөхөөр болжээ. Шүүх танхимд байхдаа Навальный одоогийн засгийн газар нь Оросын иргэдийг боол болгон хувиргаж байгааг шүүмжилсэн үг хэлсэн байна.

Ингэхдээ тэр Ханс Христиан Андерсены үлгэрийг жишээ татаж, Путинийг нүцгэн хаантай зүйрлэжээ.

“Танай хаан нүцгэн байгааг, үүнийг нь ганц хүү хэлээгүй, олон сая хүн шүүмжлэн хашхирч байгааг би эрхэм шүүгчид хэлмээр байна. Түүний 20 жилийн урагшгүй засаглалын үр дүнд бид олон их наяд рублиэ салхинд хийсгэж, улс орон маань бүхэлдээ ядуурлын ангал руу гулссаар байна” гэж Навальный энэ үеэр мэдэгдсэн байна.

Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай Тэмцэх Санг ОХУ-ын эрх баригчид экстремист байгууллагаар зарлах гэж байгаа. Ингэсэн тохиолдолд түүнийг дэмжигчдийг баривчлах, шоронд хорих үүд хаалга нээгдэж байна.

Өчигдөр Навальныйн хамтрагчдын нэг Леонид Волков ОХУ даяар ажилладаг орон нутгийн 35 салбараа хаахаас өөр аргагүй болсныг зарласан юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард Навальныйг тусгай албаныхан химийн зэвсэгт тооцогддог новичок хэмээх бодисоор хордуулсан гэдэг. Тэрбээр Германд эмчлүүлснийхээ дараа энэ оны нэгдүгээр сард эх орондоо буцаж ирээд баривчлагдсан юм. 

2013 онд тэр өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр тэнсэн харгалзах ял сонсож байв. Харин Германаас ирснийх нь дараа Навальныйг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөнд буруутган 2.5 жилийн хорих ял оноосон юм.

 

Эх сурвалж: The Guardian