Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн хөшүүрэг Бирмийн генералуудын гарыг хүлэх нь

ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: BBC

Мөнгө бол дайн дажины амин судас юм. Манай эриний өмнөх V зуунд Грекийн түүхч Фукидидийн цэргийн хүчийг буулгах талаар дэвшүүлсэн онолын дагуу үлэмж хүчтэй тулгармагц эмзэг газар нь, тухайлбал халаас руу нь цохих ов мэх хэрэглэх нь үр дүнтэй.   

Хорин зургаан зууны дараа, мөнгө болоод нөөц баялгийг онилох арга хэрэглэх нь Мьянмарын армийн хоёрдугаар сарын цэргийн эргэлтийг эсэргүүцэх иргэдийг чиглэсэн харгис хүчийг дарах хамгийн үр дүнтэй хариу үйлдэл гэдэг нь тодорхой болж байна.

Хоёр сар хагасын хугацаанд 730 гаруй энгийн иргэдийн амь насыг хөнөөжээ. Бирмийн цэрэг цагдаа нар цугларсан олны эсрэг гал нээснээр тэнэсэн суманд хүүхдүүд ч өртөх эрсдлийг дагуулсан. Нөгөө талаар, жагсагчид тэдний эсрэг чавх, нум сум хэрэглэн чадах чинээгээрээ эсэргүүцэл үзүүлж байв. Гуравдугаар сарын 28-нд армийн удирдагчид жагсагчдын эсрэг агаарын цохилт өгөхийг тушааснаар тэднийг эсрэг арга хэмжээгээ улам эрчимжүүлсэн.

Ажил үүргээ гүйцэтгэж явсных нь төлөө 70 гаруй сэтгүүлчийг баривчилжээ. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “хунта”, “төрийн эргэлт” гэдэг нэр томъёоноос татгалзахыг даалгасан бөгөөд үүнийг биелүүлээгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосноор цорын ганц албан эх сурвалж улс даяар үйлчилж байна. Сэтгүүлчид цагдаа нарын шөнийн баривчилгаанд өртөхгүйн тулд нуугдах буюу оргон зугтаж байв.

Тус улсад 1962-2011 онд буюу хагас зууны турш үргэлжилсэн цэргийн хунтын дэглэм 10 жилийн өмнө халагдаж, ардчилсан засаглалд шилжсэн юм. Төрийн эргэлт нь өмнөх үеийн гашуун үйл явдал давтагдах вий гэсэн айдас дагуулж байна. Тэр үед мэдээллийн бүх хэрэгслийн агуулгыг нийтэлж нэвтрүүлэхийн өмнө цагдан хянадаг байв. Үүнээс зайлсхийсэн сэтгүүлч, блогчдод 20 жилийн хорих ял оногдуулж, шоронд тэдэнд хамгийн харгис хэрцгий аргаар эрүү шүүлт тулгах, зарим нэгнийг нохойн торонд суулгах зэргээр харьцсан тохиолдлууд гарч байсан.

Генерал Мин Ан Хлайнаар удирдуулсан төрийн эргэлтийн дараа олон улсын хамтын нийгэмлэгийн зарим гишүүдийн зүгээс эрс буруушаасан мэдэгдэл гарган, хатуу байр сууриа илэрхийлсэн юм. Европын орнуудын эрх баригчид, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи, Канад зэрэг улс хунтын генералуудын гадаад дахь дансыг царцаах, газар нутгаасаа хөөх зэргээр тэдний эсрэг хориг арга хэмжээ батлав.

Эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх нь

Хувь хүмүүсийн эсрэг буруушаасан мэдэгдэл гаргах, хориг арга хэмжээ авах нь чухал хэдий ч төдийлэн үр дүн гарсангүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн болох Орос, Хятад, мөн ажиглагчийн байр сууринаас хандаж буй хөрш зэргэлдээ Энэтхэг улсууд “Татмадау” буюу Бирмийн зэвсэгт хүчинд шууд дэмжлэг үзүүлдэг. Эдгээр гурван гүрний зүгээс хамтын ажиллагааны илэрхийлэл болгож, гуравдугаар сарын 27-ны өдөр цэргийн хунтын зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан гутамшигт парадад оролцох төлөөлөгчдөө илгээсэн бөгөөд тэр өдөр 100 гаруй хүний амийг хороосон хэрэг гарсан билээ.

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл гуравдугаар сарын 19-ний өдөр, Европын Парламент хоёрдугаар сарын 11-ний өдөр тус тус баталсан тогтоолдоо “Татмадау”-тай холбоотой гадаадын бизнес эрхлэгчдийг тэдэнтэй эдийн засгийн хамтын ажиллагаагаа таслан зогсоохыг уриалсан юм. Дипломат акц нь хязгаарлагдмал үр нөлөөтэй байсан хэдий ч эдийн засгийн хөшүүрэг Бирмийн генералуудын гарыг хүлэх нэг арга байх боломжтой. Тэд дүрэмт хувцасныхаа цаанаас эдийн засгийн бүхий л салбарт нэвтэрсэн өргөн хүрээний консорциумыг толгойлдог.

Армийн офицеруудын эзэмшдэг Мьянмарын хоёр конгломерат болох “Эдийн засгийн холдинг” болон “Эдийн засгийн корпорац” нь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, уул уурхай, банк санхүү, даатгал, эм үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг наад зах нь 120 бизнес эрхэлдэг. Эдгээр консорциумын дийлэнх нь хамтарсан үйлдвэрлэл эрхлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчидтай нягт холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Тэд Америк, Их Британийн хориг арга хэмжээний араас Европын хориг арга хэмжээтэй тулгарч байна.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага Мьянмар дахь чөлөөт хэвлэлийн төлөө тууштай тэмцэгч “Бирмийн ардчилсан дуу хоолой” өргөн нэвтрүүлэгтэй хамтран Татмадаугийн гишүүдийн эзэмшдэг бизнестэй холбоотой Европ, Хойд Америк, Япон, Өмнөд Солонгосын корпорациудад хандан захидал бичсэн юм. Тэд бүгд шууд болон гишүүдтэй нь хамтарч буй тохиолдолд шууд бус замаар хунтад дэмжлэг үзүүлдэг.

Нэр хүндэд учрах ноцтой хохирол

Иргэдийнхээ болон чөлөөт хэвлэлийн эсрэг харгис хэрцгий ажиллагаа явуулж буй хунтынхантай холбогдсон гэдэг нь тогтоодвол нэр хүндэд ноцтой хохирол учрах эрсдэлтэй гэдгийг бид үндэстэн дамнасан корпорациудад анхааруулах нь зүйтэй. Үйл ажиллагааных нь шинж чанар, үр дагавраас шалтгаалан Мьянмараас бүхий л төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа татан авахыг бид тэдэнд уриалж байна.

1992 оноос хойш Ядана хийн ордын хэсгийг олборлож буй Францын газрын тосны “Total” компани гэхэд жишээлбэл Бирмийн цэрэг армийн урт хугацааны түнш юм. Тус компани 2019 онд 213 сая евро татварт төлснөөр Мьянмарт хөрөнгө оруулагч гадаадын бизнесүүдийн жагсаалтыг тэргүүлсэн. Хоёрдугаар сард болсон төрийн эргэлтээс хойш “Total” компани нь армийн санхүүжилтийн гол эх үүсвэрийг бүрдүүлэх болсноор иргэд, сэтгүүлчдийн эсрэг явуулж буй харгис ажиллагааг санхүүжүүлж байна.

Тус группийн гүйцэтгэх захирал Патрик Пуянне хүний эрхийг сахин хүндэтгэхийг уриалж, зарим төсөл хөтөлбөрийг царцаах боловч газрын тосны хайгуул үргэлжилнэ хэмээн мэдэгдэв. Тэрээр хүний эрхийн зөрчлийн “нөхөн төлбөр” олгох талаарх санал гаргасан нь сандарч буйгаа хүлээн зөвшөөрч буй хэрэг бөгөөд хүрээлэн буй орчны асуудалтай холбоотой “бохирдуулагч нь төлдөг байх” зарчмын нэгэн адил “бусдыг мөлжигч төлдөг байх” зарчмыг хэрэгжүүлэх нь хууль ёсны эсэх талаар эргэлзээ төрүүлж байна.

Олон улсын санхүүгийн зарим байгууллагуудын зүгээс цэргийн хунта нар хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байгаа тохиолдолд Мьянмар дахь үйл ажиллагаагаа цуцлах шийдвэр гаргаад байна. Австралийн “Woodside” эрчим хүчний томоохон компани Мьянмарын газар нутаг дахь хийн эрэл хайгуулын ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Төрийн эргэлт гарснаас хойш дөрөв хоногийн дараа Японы “Kirin” шар айраг үйлдвэрлэгч хамтран ажиллаж байсан Бирмийн компаниас харилцаа холбоогоо таслах шийдвэр гаргав.

Ийнхүү, хамтын ажиллагаагаа ар араасаа цуцалж амин судсыг нь тасалснаар, цэргийн хунтагийн ард иргэдийг, иргэний нийгэм, сэтгүүлчдийг хүчирхийлэх эрх хэмжээний эсрэг бид үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхээс гадна түүхийн цуст үйл явдал дахин давтагдахгүй байх баталгааг бүрдүүлэх учиртай. 

 

“Бирмийн ардчилсан дуу хоолой” (DVB) радио, телевизийн ерөнхий редактор Ай Чан Найнг

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар

Дуучин, жүжигчин, Мьянмар дахь ардчиллыг тууштай дэмжигч Жейн Биркин

Эх сурвалж: “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага