Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгчийн нэр төрийг аврахын тулд дэлгүүрийн гадаа урт дараалал үүсгэхийг хоригложээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсын орон нутгийн удирдлагууд засгийн газраас хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгож буй хүнсний барааг авахаар дэлгүүрүүдийн гадна урт дараалал үүсгэхийг хориглож эхэлжээ.

Тус улсын ерөнхийлөгчийн хүү, шадар сайд Сердар Бердымухамедов иргэдийн үүсгэсэн урт дараалал аавынх нь нэр хүндийг сэвтүүлж байгааг саяхан шүүмжилсний дараа ийм арга хэмжээ авч эхэлсэн байна.

Туркменистаны зүүн бүсийн нэг хотод гаргасан журамд дэлгүүрт дугаарлан зогсох хүний тоог дөрвөөс хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.

Хэрвээ уг журмыг зөрчвөл дарааллаас хүчээр гаргаж, баривчлахыг заасан байна.

Сүүлийн жилүүдэд эдийн засаг нь доройтож байгаа Туркменистан улсын эрх баригчид ард иргэддээ хөнгөлөлттэй үнэ бүхий хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг болжээ.

Ингэхдээ төрийн өмчийн дэлгүүрүүд нь өдөр бүрийн өглөөний 6:00-8:00 цагийн хооронд  хөнгөлөлтийн барааг зардаг юм байна.

Худалдан авагч бүр сард нэг удаа нэг литр наранцэцгийн тос, килограмм элсэн чихэр болон будаа авах эрхтэй ажээ.

Хааяа уг дэлгүүрүүд өндөг, тахианы мөч зардаг нь ховорт тооцогддог байна.

Дөрөвдүгээр сарын 13-ний өдөр Туркменистаны өмнөд бүсийн Мари хотод 2 килограмм хөлдөөсөн мах худалдаж авахын тулд 1,000 орчим хүн олон цагийн турш дугаарлан зогссоныг гэрчүүд мэдээлжээ.

Нэг килограмм махны үнэ 36 манат. Энэ нь албан ханшаар $10, хар захын ханшаар $1 орчим болдог гэнэ.

Туркменистан улс нь байгалийн хийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг.

Гэвч дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналтын улмаас сүүлийн хэдэн жил эдийн засгийн гүн хямралд байгаа. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд коронавирусийн цар тахал нөхцөл байдлыг улам дордуулжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe