Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Бизнесийн итгэлийн индекс сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрэв

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
МҮХАҮТ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Бизнес итгэлийн индекс 2020 судалгааны үр дүнг танилцууллаа. 

Тус судалгаа нь 20 дахь жилдээ тогтмол хийгдэж буй бизнесийн орчны өөрчлөлтийг жил бүр хэмжиж, бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл, цаашид хэрхэн өөрчлөгдөх тухай хүлээлтийг тодорхойлдог онцлогтой. 

“Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгааг энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт явуулж, 1,400 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан. Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, 15 хувь нь үйлдвэрлэл, 25 хувь нь худалдаа, 14 хувь нь барилга, 10 хувь нь хөдөө аж ахуй, 37 хувь нь үйлчилгээний салбар байна. Мөн оролцсон аж ахуйн нэгжийн 76 хувь нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой, 95 гаруй хувь нь 200 хүртэлх ажилтантай аж.

2020 онд бизнесийн орчны итгэлийн индекс 0.28 буюу сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс доогуур гарчээ. Үүнд гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлсөн болохыг мэдээллийн үеэр онцлов. 

 

Судалгааны тус үр дүн нь 2015 оны судалгааны дүнтэй ойролцоо түвшинд гарсан байна. Эргэн сануулбал, 2015 эдийн засгийн өсөлт хумигдаж, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудсан төдийгүй хямрал үүсээд байсан юм.

Судалгаанаас онцлон харвал:

  • Барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл улсын дунджаас бага байлаа.
  • Судалгаанд оролцсон барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчид 2021 онд бизнесийн орчин илүү муудна гэсэн хүлээлттэй байна.
  • Бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний эрэлт буурсан нь хамгийн их сөрөг нөлөөтэй гэж үзсэн.
  • Бизнесийн ерөнхий орчинд үйлчилгээ, барилгын салбарууд хамгийн бага үнэлгээ өгсөн.
  • Сонгуультай жилүүдэд бизнес эрхлэгчдийн хүлээлт буурдаг.
  • Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид 2020 оны хөрөнгө оруулалтын орчинд хамгийн бага үнэлгээ өгсөн.
  • 2021 онд хөрөнгө оруулалт хийх тухайд бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байна.
  • Нийт бизнес эрхлэгчдийн 30% нь хоёрдугаар улиралд бизнесийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа буурна гэсэн хүлээлттэй байна.
  • Бизнес эрхлэгчдийн бизнесийн орчны өөрчлөлтийн тухай хүлээлт 2016 оны хүлээлттэй ойролцоо түвшинд байна.

Бизнесийн итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр тооцож гаргадаг.

 
МҮХАҮТ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана" гэдгийг мэдээллийн үеэр онцлов.

Түүнчлэн бизнес эрхлэгчдийн зүгээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм.