Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ухнаагийн Тамир: Монголын сэтгүүлч бүр Оскарт дэвшсэн Коллектив баримтат киног үзэж бас сургамж авах хэрэгтэй

ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN

Ухнаагийн Тамир,22 Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн УЗ-н даргын үүрэг гүйцэтгэгч.

 

Оскарт нэр дэвшээд байгаа Румыны эрүүл мэндийн тогтолцооны гажуудал, авилгын талаар илчилсэн эрэн сурвалжлагчдын тухай "Коллектив" баримтат киног өнгөрсөн Ням гарагт (2021 оны 04 сарын 25) 11:45 цагаас MNB-ээр дахин шимтэн үзлээ.

Баримтат киног Монголын Олон Нийтийн Медиа Контент Сангаас албан ёсны онцгой эрхтэйгээр үзүүлэхдээ зөвхөн баримтат киног хөрвүүлж гаргасангүй нэмүү өртөг шингээж "ЯАГААД сошиал ток” хийсэн нь форматын хувьд ондоо байв.

Киноны өмнө, гол дүр Румыны эрэн сурвалжлагч Каталин Толонтантай хийсэн тойм ярилцлага нь  киноны олон чухал санааг дэлгэрүүлэн тайлбарласан нь өнөөдөр манай сэтгүүлчид, иргэд, улс төрчдөд сэтгүүл зүйн мөн чанар, ач холбогдол, өнөөгийн хэрэгцээ шаардлага, сэдлийг ойлгуулах чухал шигтгээ болжээ.

Энэ ярилцлага баримтат кинотойгоо хослон мэргэжлийн сэтгүүл зүйн ажиллагаа нь бодитой эх сурвалж, хөдөлшгүй нотлох баримтыг эрэн хайж, нягтлан шалгасан мэдээллээрээ хэрхэн нийгэмд бий болсон ялзралыг илчилж, өөрчлөлт авчирч болохыг, иргэдийн итгэлийг хэрхэн олж авахыг тодорхой харуулж чаджээ. Сэтүүлчдэд бүрэн хэмжээний сургалт болохоор аж.

Нөгөө талаас сэтгүүлч Каталаны ийм тогтолцоог шинэчлэх эр зоригтой улс төрчид байдгийг, ийм манлайлагч улс төрчдийг төрүүлэн гаргахад тэднийг гэм зэмтэй мэт ойлгож харлуулдаг, сошиал ертөнцөөр  тэднийг "хулгайч", "авилгач" "чадваргүй" "зүрх зориггүй" гэх мэтээр шуугидаг олон нийтийн дунд бий болсон хэвшмэл, туйлширсан ойлголт, хандлагыг өөрчлөх, үүнд хэвлэл мэдээлэл гол үүрэгтэйг онцолсон нь сонирхол татлаа.

Тэрээр “уналтад орсон салбарыг өөд нь татах сайн хүмүүс байгааг хүлээн зөвшөөрдөг, улс төрч бүр муу хүмүүс биш гэж эерэгээр хүлээж авдаг өөрчлөлтийг хийх ёстой, тэгэхгүй бол бүгдийг муу гэж шүүмжилж буруутгаад байвал энэ бол ардчилал биш, хаос буюу эмх замбараагүй байдал  юм" гэж хэлснийг хэн хүнгүй тунгаамаар санагдлаа.

Мэдээж сэтгүүлчид нийгэмд үүсч буй асуудал, авилгыг илчлэхийн тулд улс төрчдөд шахалт үзүүлэх ёстой ч тэдний дунд гажуудлыг өөрчлөх боломж, ирээдүй, шударга хүмүүс байгаа гэсэн итгэл үнэмшлийг бий болгох нь түүнээс дутахгүй чухал ач холбогдолтой гэснийг цохон  хэлмээр санагдлаа.

Монголын өнөөгийн нийгэмд өндөр ач холбогдолтой, шилдэг контентыг толилуулсанд баярлалаа, хараат бус сэтгүүлч Дэмчигийн Оюунчимэгт.( Oyunaa Demchig)

Монголд ч сэтгүүлч Каталин шиг ийм мэргэжлийн ёс зүйг чанд баримталдаг, зөвхөн үнэний төлөө баримт эрж хайдаг, эр зоригтой сэтгүүлчид байгаа гэдэгт итгэдэг ээ.

Коллектив баримтат киноны гол дүр Каталин Толонтантай хийсэн “ЯАГААД сошиал ток” ярилцлагыг бүрэн эхээр та үзэхийг хүсвэл эндээс сонирхоорой:

Хэрвээ та Оскар-2021 наадмын 2 төрөлд нэр дэвшсэн Коллектив кино үзэхийг хүсвэл MNB1 сувгаар Univision болон SkyMedia ухрааж үзэх боломжтой.

Мөн  MNB-н Фэйсбүүкийн энэ линкээр нэвтэрч үзэх бас боломжтой байгаа.  ( 26:45 минутад ) 

Коллектив баримтат киноны зохиогчийн эрх худалдан авах, эх хэлнээ хөрвүүлэх, дуу оруулах үйлчилгээг Монгол дах Их Британийн Элчин Сайдын Яам болон Канадын Элчин Сайдын Яам дэмжин ажилласан болно.